Үндэсний Статистикийн Хороо нь “21 дүгээр зууны Хөгжлийн Төлөөх Статистикийн Түншлэл” байгууллагатай (PARIS21) хиймэл оюуны чиглэлээр хамтран ажиллах хүсэлт хүргүүлсний дагуу “Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2025-2026 онд хэрэгжүүлэхээр боллоо.
PARIS21 байгууллага болон Дэлхийн банк, Google компанийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх энэхүү төсөлд салбар яамд, агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд хамтран оролцоно. Монгол Улсын хувьд тус төслийг хэрэгжүүлэх таван улсын нэгээр сонгогдож байгаа юм.
Энэхүү төсөл нь статистикийн системд хиймэл оюун ашиглах өгөгдөл, дэд бүтэц, хүний нөөц-чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлд анхаарч, чадавхыг бэхжүүлэх зорилготой. Тухайлбал хиймэл оюуныг статистикийн системд ашиглах бэлэн байдлын суурь үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдлийн чанар ба хүртээмжийг сайжруулах, өгөгдөл тархаах автоматжуулалтын шийдлийг хөгжүүлэхээр зорьж байна.
“Албан ёсны статистикт хиймэл оюуныг ашигласнаар статистикийн үзүүлэлтийн чанар, давтамж, нарийвчлалд ахиц дэвшил гарахын зэрэгцээ нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоо бүрдэхэд бодит хувь нэмэр оруулна” гэж төслийг хамтран хэрэгжүүлэгч талууд онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх