Непал улсын шинэ Ерөнхий сайд “Z” үеийнхний сэтгэлгээний дагуу ажиллана

.Graph
2025-09-15

Сүүлийн өдрүүдэд Непал улсад болоод буй эрх баригчдын эсрэг “Z” үеийнхний жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Үүний эхлэл нь тус улсын Засгийн газраас фейсбүүк, инстаграм, юүтүб зэрэг 26 сошиал медиа платформыг хориглосон шийдвэртэй холбоотой аж.

Тус жагсаал энэ сарын наймны өдөр эхэлсэн бөгөөд үүнээс хойш хоёр өдрийн турш эмх замбараагүй байдал, хүчирхийлэл болон хувирч жагсагчид улс төрчдийн гэр, орон сууц руу дайран орж, түүгээр зогсохгүй парламентын ордоноо галдан шатаасан.

Эмх замбараагүй байдлын улмаас одоогийн байдлаар 72 хүн амь үрэгдсэн бөгөөд үүний дотор гурван цагдаагийн алба хаагч байсныг мэдэгджээ. Уг хэрэг явдлын дараагаар өнгөрсөн баасан гарагт Непал улсын дээд шүүхийн тэргүүнээр ажиллаж байсан Сушила Карки тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдсон.  

Тэрээр анх удаа иргэдэд хандан үг хэлэхдээ “Би энэ ажлыг хийхийг хүсээгүй. Жагсаалын үеэр ирсэн дуу хоолойны дараа үүнийг хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Бид цаашдаа Gen Z үеийнхний сэтгэлгээний дагуу ажиллах ёстой. Тэд авилгалгүй, сайн засаглал, эдийн засгийн эрх тэгш байдлыг шаардаж байна” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр энэхүү суудлаа ирэх оны гуравдугаар сарын таванд болох сонгуулийн дараа шинээр байгуулагдах засгийн газарт шилжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Харин одоо Сушила Карки болон түүний Засгийн газрын гишүүдэд Gen Z үеийн эсэргүүцэгчдийн сэтгэлийг тайвшруулахаас гадна  хууль, дэг журмыг сэргээж, парламент болон халдлагад өртсөн бусад гол барилгуудыг сэргээн босгох зэрэг олон асуудалтай нүүр тулгарч байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe