Өнгөрсөн долоо хоногт МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-аас шалгаж, гэр болон ажлын байрт нь нэгжлэг хийсэн тухай мэдэгдсэн. Энэ асуудлаар АТГ-аас тодрууллаа.
АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон “Тавантолгой түлш” ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт бүртгэлийн хэргийг 2023 оны 1-р сард нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Уг хэргийн хүрээнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан гэмт хэрэгт Ч нарын нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ-т ирсэн гомдлын дагуу прокурорын зөвшөөрлөөр мэргэжлийн ажиллагааг зохион байгуулсан аж. Мэргэжлийн ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий гэмт хэргийн шинжтэй ул мөр, эд зүйлсийг хураан авсан байна. Тодруулбал, “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэн Х-гийн гарын үсэгтэй дардас байсныг хураан авчээ.
Уг гарын үсгийн дардсыг түүнийг нас барсны дараа хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа цаашаа явах аж.
Өнгөрөгч 9 сарын 12-нд шүүхээс хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Ч-г 30 хоногийн хугацаатай цагдан хорих захирамж гарсан.
АТГ-ын ХМОНХ ажилтан, комиссар Б.Билигт “2023 оны 1 сард уг хэргийн хүрээнд хэрэг бүртгэл нээж шалгаж байсан байсан бөгөөд тухайн хэрэгт холбоотой нас барсан иргэний ар гэрээс гаргасан гомдлын дагуу прокурорын зөвшөөрлөөр мэргэжлийн ажиллагаа зохион байгуулсан бөгөөд цаг хугацаа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшинэ гэж мэдэгдсэн үетэй давхцаж таарсан. Түүнээс биш АТГ бол ямар нэг улс төр, албан тушаалтнаас хараат бус, бие даасан төрийн тусгай байгууллага” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх