Дональд Трамп жүжигчин Сидни Суинигийн талаар юу гэв

.Graph
2025-09-15

Америкийн алдарт хувцасны брэнд Амеркан Ийгл(American Eagle) компаниас өнгөрсөн долоодугаар сард "Эйфория"(Euphoria) болон "Цагаан бадамлянхуа"(White Lotus) кинонд тоглосон холливудын жүжигчин Сидней Суинитэй(Sydney Sweeney) хамран өөрсдийн брэндийг суртачилсан “Сидней Свинигийн гайхалтай жийнс” хэмээх кампанит ажил нь олны шүүмжлэл дагуулсан.

Тус зар сурталчилгаа нь хэд хэдэн богино видео бичлэг болон постер зурагаас бүрдсэн.

Энэ дундаас өөрсдийн цахим хаягаараа цацсан богино бичлэгт жүжигчин эмэгтэй  "Хүний ген эцэг эхээс үр удамд дамжин ирдэг. Энэ нь ихэвчлэн үсний өнгө, зан араншин, тэр байтугай нүдний өнгө зэрэг шинж чанаруудыг тодорхойлдог. Миний “жийнс” бол цэнхэр" хэмээн хэлжээ.

Хүмүүсийн үзэж буйгаар jeans буюу жийнс хэмээх үг нь genes буюу генетик гэх үгтэй адил дуудагддаг. Харин тус компани сурталчилгаандаа олны танил, төрөлхийн цагаан арьстай, шаргал үстэй, цэнхэр нүдтэй эмэгтэйг тоглуулж, тус үгэн дээр тоглолт хийн цагаан арьстны “дээд үзлийг” гаргаж, бусад арьсны хүмүүсийг дорд үзэж байна хэмээжээ.

Энэхүү дуулиан шуугиан зөвхөн сошиал медиаг хамраад зогсохгүй Америкийн улс төрийг ч оролцуулаад авсан юм. 

Жүжигчин эмэгтэй 2024 оноос хойш Флорида мужид Бүгд найрамдах намын гишүүнээр бүртгэгдсэн хэмээх мэдээлэл гарсан бөгөөд тэрээр энэ талаар ямар ч тодорхой хариу өгөөгүй байна.

Харин ерөнхийлөгч Дональд Трамп тус  шуугианы үеэр өөрийн “Truth” сошиал хаягтаа “Бүгд найрамдах намаар харьяалагдсан гэх эмэгтэйн хамгийн халуухан сурталчилгаа байна” гэж бичжээ. Мөн "Хэр их хүн Бүгд найрамдах намын гишүүн болсныг та харж байгаа байх. Хэрэв Сидней Суини Бүгд найрамдах намын бүртгэлтэй хүн бол түүний сурталчилгаа гайхалтай байна гэж бодож байна" хэмээн хэлжээ.

Дональд Трамп тус сурталчилгааны талаар ярьж эхэлснээс хойш компанийн хувьцаа  20 хувь хүртэл огцом өссөн байна.

Харин компанийн зүгээс “Энэхүү кампанит ажил нь ямар ч далд ухуулгагүй зөвхөн жийнсэн өмдний тухай байсаар ирсэн. Түүний жийнс бол түүний түүх” гэж мэдэгджээ. Мөн “Американ Ийглийн жийнсэн өмдийг өмссөн хүн бүр хэрхэн өөртөө итгэлтэй, өөрсдийнхөөрөө байдгийг үргэлжлүүлэн харуулах болно” хэмээжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe