Д.Амарбаясгалан руу шидсэн У.Хүрэлсүхийн чулуу

.Graph
2025-09-11

АТГ-аас өчигдөр /2025.09.10/ орой ажил тарах үед МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдав. Д.Амарбаясгаланг намын “Ерөнхий дарга” байхаас эхлэн хэвлэлийн талыг хариуцан ажиллаж түүнтэй тун ойрхон явсаар ирсэн Ц.Чулуунзагдыг АТГ шалгаж байгаа нь Ерөнхийлөгчийн Д.Амарбаясгаланд өгсөн сануулга бололтой.

Ц.Чулуунзагд гэж хэн бэ?

2016 онд МАН ялах үед намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааг хариуцан ажиллаж байсан. Хэн нь хэн бэ гэх мэтчилэн төслүүд хэрэгжүүлж тухайн үед намын үйл ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулсан учраас МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын даргаас нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн нэгэн.

АТГ Ц.Чулуунзагдыг шалгах шалтгаан...

“Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэдэн их наядаар нь тоологдсон хэрэг ердөө гурван жилийн өмнө ширээн дээр хэргийн материал болон дэлгэгдэж, хэвлэлээр хэргийн эздийг нэр устай нь зарлаж байлаа. Одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал хийн зарлаж байсан. Гэвч удалгүй Д.Амарбаясгалан өөрөө нүүрсний хэрэгт холбогдон хэсэг л шуугиан болсон. Энэ нь өнөөгийн АТГ-д шалгагдаж байгаа Ц.Чулуунзагдтай холбоотой юм. Ц.Чулуунзагдын хамаарал бүхий “Админерал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 47 мянган тонн нүүрс авсан нь Д.Амарбаясгалангийн нөлөө байсан хэмээн сонсгол дээр дуудагдаж байлаа. Тухайн үед Ц.Чулуунзагд “Админерал” ХХК-ийг өөртөө болон Д.Амарбаясгаланд хамааралгүй хэмээн хэлээд гарснаас хойш тэр хэрэг замхарсан. Гэхдээ мартагдсан байсан нүүрсний хэрэг намын даргын ярианы өмнө эргээд сөхөж байгаа нь энэ юм. 

У.Хүрэлсүхийн улс төр...

Монголд улс төрч оролцсон хэрэг эцсийг нь үзээд алх цохисон тохиолдол цөөхөн. Улс төрөөс явуулахаар шийдсэн нэгнийг эсвэл үе нь дуусаж байгаа хүмүүсд л алх цохиулдаг. Хамтдаа дөрөө хоршуулж явсан нэгнийгээ улс төрөөс явуулах нь л дээд зэргийн ял байдаг. Гэхдээ Д.Амарбаясгалан тухайн үедээ ч одоо ч улс төрд нөлөөтэй ялангуяа МАН-д хүрээлэлтэй нэгэн. Намын гал тогоог удаан авч явсан хүн аргагүй биз. Өнөөгийн улс төрд харин тэрээр өөрөө хүсээгүй ч гарцаагүй дайсантай болохоос өөр замгүй болж байх шиг. Учир нь хамгийн сайн найз Л.Оюун-Эрдэнэ нь хуурай ах У.Хүрэлсүхтэй намын даргын төлөө ханцуйгаа шуугаад байгаа. Өөрийн сүүдэр Г.Занданшатарт намын даргыг авч өгөх зураглалтай байгаа У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн талаас намын даргад нэр дэвшүүлэх хамгийн том нэр нь Д.Амарбаясгалан байх болно гэдгийг тодорхой мэдэж байгаа. Тийм учраас Д.Амарбаясгаланг хол бай гэж сануулж байгаа хэлбэр нь Ц.Чулуунзагдын хэрэг. Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд ойрын хүмүүс, гэр бүл, хамаарал бүхий зүйлсээр нь оролддог улс төрийн тактик монголд нууц биш ил болж байгаа нь энэ бололтой. Ц.Чулуунзагдыг У.Хүрэлсүх Д.Амарбаясгалантай тохиролцох хүртэл ээрэх нь дээ.

Л.Оюун-Эрдэнийн нүүдэл...

Одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ цэнхэрийн рашаанд намынхаа хэсэг нөхдүүдтэй амрахдаа намын даргаа хүлээлгэн өгнө гэдгээ хэлсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд ярьсан. Тэгэхлээр ямартай ч намын тамга, тэмдгээ аваад зугтаагаад байхгүй нь тодорхой болж байна. Харин түүний нүүдэл юу байх вэ гэдэг сонирхолтой. Уг нь өөрийнх нь санаснаар болдог бол Д.Амарбаясгаланг намын даргад зүтгүүлээд ангалд унах аюулаас аврагдах. Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдвөл Г.Занданшатарыг илт илүүрхээд гарч ирэх нь тодорхой. Үүнийг У.Хүрэлсүх ч тэр Л.Оюун-Эрдэн ч тэр сайн мэдэж байгаа учраас тэдний өдрийн бодол шөнийн зүүд Д.Амарбаясгалан болчхоод байна. Харин Д.Амарбаясгалан найзыгаа бодох уу эсвэл өөрийгөө бодох уу гэдэг л сонголтод тулчхаад байгаа байх. АТГ оролцоод эхэлж байгаа бол Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх Л.Оюун-Эрдэнийн саналыг нааштайгаар бодож байгаа бололтой. Эсвэл бүх зүйлийг баттай болгох гэж У.Хүрэлсүхийн талаас шахалт үзүүлж байж магадгүй юм. Л.Оюун-Эрдэнэ яагаад Г.Занданшатарт намын даргаа өгөхгүй гүрийж байгаа гэдэг нь маш тодорхой. Г.Занданшатар бол У.Хүрэлсүхийн сүүдэр, хувилаагүй дүр. Тойргоосоо ч гарч ирж чадаагүй Г.Занданшатарыг У.Хүрэлсүх хажуудаа авч тамгын газрын даргаараа томилсон. Улмаар засаг унасны дараа Ерөнхий сайд болгосон. Одоо түүнд намын даргыг нь авч өгөөд утгаар нь эрх мэдлийг өгч байгаад өөрийнхөө хүслийг тулгах болно. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэ амьд үлдэхийн тулд ийм зүйл болгохгүйг хичээнэ. Мөн У.Хүрэлсүхийг монголын хаан болгохгүй гэсэн түүний эсэргүүцэл байгаа байх. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe