Солонгост эмчлүүлэх шаардлагатай Д.С-д хилийн хориг тогтоох саналын шүүх хурал өнөөдөр болно

.Graph
2025-09-10

“Таван богд”  группийн Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл” группийн Б.Эрдэнэбат нар хүүхдүүдэд зодуулсан гэх Д.С-ийг Ц.Санжаачойпэлийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх шалтгаанаар яллагдагчаар татжээ.

Тэгвэл прокурорын Д.С-д хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр 13:30 цагт хэлэлцэнэ.

Хэргийг сануулбал “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таван богд” группийн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар 7-р сарын 18-нд  “Cante” цэнгээний газрын гадна мансуурсан үедээ бүлэглэн хүн зодож, танхайрсан. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүүр, нүдний ухархайн яс цөмөрсөн учраас БНСУ-д эмчлүүлэхээр болсон. Хохирогчийн эхний эмчилгээ нь дууссаны дараа эргээд монголдоо ирсэн ч давтан үзлэг, эмчилгээнд орохоор дахин БНСУ-ыг зорих шаардлага тулгарчээ. Гэвч хохирогчийг эмчилгээнд явах боломжийг нь хааж, “харилцан зодолдсон” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, прокурорын саналаар түүнд хилийн хориг тавиулахаар шүүхэд хандсан нь энэ.  

Хүнд гэмтсэн хохирогчийн эсрэг гомдол мэдүүлж, хилийн хориг тавиулах хүсэлт гаргасан нь хохирогч залуугийн аавын эгдүүцлийг төрүүлсэн талаараа цахим хуудастаа нийтэлжээ. 

Гэтэл “Таван богд” группийн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хэргийн дараахан хил гарч зугтан, өдий болтол интерполоор эрэн сурвалжлагдаж буй. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хөрөнгөтний хүүг дайчлан авчирч чадахгүй байж "хохирогч" хүүг дахин хохироож, “харилцан зодолдсон” гэх шалтгаанаар яллагдагчаар татсан байна. Шүүх ямар шийдвэр гаргаж, хэний талд ажиллахыг харах л үлдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe