“Хөх тэнгэр” хэлэлцүүлэг: Инновац хаанаас төрөх вэ

.Graph
2025-09-10

Дан уул уурхайдаа найддаггүй болъё, эдийн засгаа төрөлжүүлье, монгол хүн бол Монголын баялаг гэх зэрэг итгэл төрүүлсэн, заримдаа холын мөрөөдөл ч юм шиг үгсийг бид салбар салбарын сэдвээрх яриан дундаа “унагах” болсоор цөөнгүй жил улирчээ. Өнөөгийн даяарчлагдсан, дижитал ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж, эдийн засгаа солонгоруулъя гэвэл бидэнд технологийн хөгжил, инновацлаг сэтгэлгээ, соёл зайлшгүй шаардлагатай. “Оюу толгой”, “Рио Тинто” компани, Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын бизнесийн зөвлөлийн хамтран 9-р сарын 7-8-нд зохион байгуулсан “Хөх тэнгэр” хэлэлцүүлгийн сэдэв яг энэ байв.

Бид хэр цахим бэ?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ч.Анар хэлэлцүүлгийг нээхдээ Монголын дижитал шилжилтийн өнөөгийн байдал, алсын харааг танилцуулав.

Манай улс Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индексэд 2025 оны байдлаар 88.4 оноогоор (дэлхийн дундаж 78) үнэлэгдэж байгаа, Цахим засаглалын хөгжлийн индексэд 46 дугаарт (2022 онд 74-т байсан), Дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индексэд 81 дүгээрт эрэмбэлэгдсэн (2020 оноос хойш 12 байр ахисан), Монгол Улс даяар үүрэн утас идэвхтэй хэрэглэгч давхардсан тоогоор 4.9 сая орчим бий, E-Mongolia системээр өдөрт дунджаар 7580 иргэн 87 байгууллагын 1263 үйлчилгээг авч байна гэх мэт мэдээлэл, харилцаа холбооны салбарын тоо баримтуудыг үзэхүл “цахим үндэстэн болох”-од шаардлагатай технологийн суурь тодорхой хэмжээнд бүрджээ. Гэвч инновац хомс байгаад нөлөөлж буй олон хүчин зүйл дундаас голлох шалтгаан нь инновацын тогтолцооны дутагдал, цаашилбал гарааны бизнесийн экосистем гэж тодотгож болно.

Энэ үеэр онцолж хэлэлцсэн нэг зорилт бол 2030 он гэхэд Монголд гарааны 600 бизнес амжилттай хөгжүүлэх. Улс орнуудад гарааны бизнесийн экосистемээ хөгжүүлэхэд нь зөвлөж ажилладаг, Сан-Францискод төвтэй “Startup Genome” байгууллагын үүсгэн байгуулагч Марк Пэнзел багадаа 8000 стартапаас амжилттай 600 стартап шалгарч гарна гэсэн нь анхаарал татсан. Бид өөрсдийн онцлогийг эергээр ашиглаж, харуулж чадсан, тодорч ялгарахуйц экосистем бий болгохоос урьтаад тэнцэж ядан байгаа гарааны бизнесийн экосистемээ голдиролд нь оруулах тухай ярилцах хэрэгтэй санж. Үүний тулд нэн түрүүн гарааны бизнесийн экосистемийн харилцан уялдааг хангах шаардлагатайг “Startup Genome” тодотгосон. Харилцан уялдаа гэдэг нь бодлого боловсруулагчид, төрийн үйлчилгээний байгууллагууд, зах зээлийн томоохон тоглогчид, шинийг бүтээгчид буюу шинэхэн тоглогчид, хөрөнгө оруулагчид, их сургууль, технологийн коллежууд гэсэн зургаан талыг нэг зорилго, үзэл санаанд зангидахыг хэлж байгаа аж. Гагц дотооддоо бус олон улсын гарааны бизнесүүдтэй харилцан суралцах нь чухал, учир нь гарааны бизнесийн хүрээлэлд байгаа компани бусдаасаа хоёр дахин хурдан өсдөг.

Эдүгээ Монголын гарааны бизнесийн экосистем ДНБ-ий 0.2 хувийг бүрдүүлж буй. Монгол олон улсын “залуу” экосистемүүдийн дундаж болох 0.7 хувьд хүрлээ гэвэл эдийн засагтаа

110 сая ам.доллар авчрах юм. “Их 20”-ийн улсууд дунджаар ДНБ-ийхээ найман хувийг гарааны бизнесээрээ бүрдүүлдэг.

Монголын их, дээд сургуулиудын төгсөгчдийн судалгаа нийгэмд ашигтай, ихээхэн орлого авчрахуйц төсөл болохын оронд тоосонд дарагдаж хэвтэх нь одоо ч нийтлэг үзэгдэл байгааг өөрчилж, Бритиш Колумбиагийн их сургууль, Калифорнийн их сургууль (Беркли) зэрэг хурдасгуур хөтөлбөрөөрөө танигдсан сургуулиудаас туршлага судлах хэрэгтэйг салбарын төлөөллүүд онцлов. Нийгэмд, томоохон компаниудад тулгарсан асуудлуудыг оюутан судлаачид шийдэж, хамтарч ажилладаг, энтерпренёруудыг алдаршуулдаг, эрсдэл гаргахыг нийтээрээ эергээр хардаг болох, залуусыг ажлын байранд бэлдэх биш, ажлын байр бүтээхэд уриалдаг байх зэрэг өөрчлөлтийг бүгд анхаарч хэрэгжүүлмээр. Дэлхийд хамгийн амжилттай яваа стартапын хурдасгуур, “PayPal”, “Dropbox”-ийг гаргаж ирсэн “Plug and Play” компанийн Япон дах салбарын гүйцэтгэх захирал Филипп Винсент тус компанийн чиглүүлэг дор амжилттай яваа гарааны бизнесүүдийн талаас илүү нь их, дээд сургуулиас төрсөн гэснээс нэгийг бодууштай.

Нөгөөтээгүүр, бид анхнаасаа дотооддоо амжилт олох бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж бодохоос түрүүн олон улсын хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг дотоодынхоо жижиг зах зээлийг ашиглан хурдтай туршиж, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх нь оновчтой гэдгийг “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх нар онцолсныг тодотгоё.

Төр засгаас бодлогын олон баримт бичиг гарсан ч санхүүжилт, дэмжлэг үнэндээ хангалтгүй байна гэдгийг салбарын төлөөллүүд дурдсан. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт “Олон улсын томоохон амжилттай, unicorn олноор бий болж байгаа улсуудыг харахад Засгийн газар нь тухайн компаниудыг бодлогоор өргөж дэмждэг, хамгийн эрсдэлтэй үед дэд бүтэц, татварын хөнгөлөлт, байр орон сууц, дэд бүтцийн үйлчилгээгээр нь хангах ч юм уу бодлогын тодорхой дэмжлэг үзүүлдэг, энэ бидэнд дутаж байгааг сайн ойлгож авлаа. Монгол Улсын Алсын хараа 2050 бол хэтэрхий хэтийн, урт хугацааны зорилтууд байгаад байна. Ойрын 5 жилд энэ цахим шилжилт, технологийн шинэчлэл дээр юу хийх ёстой вэ гэдэг дээр оюун санаагаа уралдуулж, хамтарч ажиллах маш том боломж байна гэж харж байна” гэв. Төрийн бодит дэмжлэгээс гадна энжел/венчур капитал хөрөнгө оруулагчдын сүлжээг бий болгож, хөгжүүлэх нь яаралтай хэрэгжүүлэх ажлын нэг.

Уул уурхайг инновацын уурхай болгох

“Хөх тэнгэр” хэлэлцүүлгийн өөр нэг зорилго нь дижитал шилжилтийн хүчээр уламжлалт салбаруудыг бэхжүүлэх тухай хэлэлцэх байв. Уламжлалт салбар гэхээр мэдээж юун түрүүнд Монголын ДНБ-ий 28-30 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар яригдана. Ингээд салбарын нөлөө бүхий тоглогчид цахим, технологийн хөгжлийг уул уурхайг түвшин ахиулахтай уяж өгөх талаар хэлэлцсэн.

2023 оны судалгаанаас харахад уул уурхайн компаниуд орлогынхоо ердөө 0.5 хувийг судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулдаг аж. Харьцуулахад, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээлэл, харилцаа холбооны салбар орлогынхоо 25 хувийг судалгаа, хөгжүүлэлтэд зориулдаг байх жишээтэй. “Рио Тинто” группийн Инновац хариуцсан захирал Дэн Уокер “Өнөө цагт уул уурхай технологийн дэвшилд хамгийн мэдрэмтгий салбар. Үүнийг мэдэхгүй бол та уул уурхайн салбарыг мэддэггүй гэсэн үг. Бид байгаль орчинд хал багатайгаар, аль болох их түүхий эдийг аль болох хурдтай олборлон боловсруулахаар ажиллаж байгаа. Зүгээр нэг шийдэл олох хангалтгүй, тэр шийдлийг бусдаас түрүүнд олох түлхүүр нь инновац болдог. Дата, шинжилгээ, автоматжуулалтыг ашиглах боломж асар их байгаа. Уул уурхайд юу л байна дата байна” хэмээсэн.

“Founders Factory” компанийн хамтран үүсгэн байгуулагч Хэнри Лэйн Фокс “Уул уурхайд амжилттай ажиллаж яваа стартапуудаас асуувал тэд өөрсдийгөө уул уурхайн салбарынх гэж хэлэхгүй. Яагаад вэ гэвэл, технологи маш олон зүйлийн суурь болдог. Нэг жишээ авъя л даа. Бид “Terra AI” компанид хөрөнгө оруулсан. Terra AI газар доорхыг зурагладаг технологи юм. Хүдрийн талаарх мэдээлэл өгнө, өрөмдлөгийн тооцоолол гаргана гэх мэтээр уул уурхайд асар өндөр ач холбогдолтой. Гэхдээ үүнээс гадна усны нөөц тооцоолох, томоохон барилгын суурийг төлөвлөх гэх мэт түмэн шидийн тооцооллыг хийж чаддаг. Иймээс инновацыг нэг л өнцгөөр харахгүй байх нь чухал” гэсэн. Энэ бол тодорхой асуудлыг шийдэхээр эхлүүлсэн санаачилга судалгаа, хөгжүүлэлтийн явцад хөрвөж, олон салбарыг хамарсан инновац төрж бас болдгийн тод жишээ.

“Google” компанийн программ хангамжийн ахлах инженер, “Andorean” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б. Баттулгын хэлсэнчлэн, уул уурхай Монголын эдийн засгийн тэргүүний салбар, хамгийн авьяас чадалтай хүмүүсийг ажиллуулж байгаа салбар учраас хүч, бололцоог нь ашиглан Монголдоо инновацыг цэцэглүүлэх боломжтой.

****

Энэ жил “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” сэдэв дор явагдсан “Хөх тэнгэр” хэлэлцүүлгийг “Рио Тинто” тэргүүтэй зохион байгуулагчид цаашид жил бүр уламжлан зохион байгуулах аж. Шийдэх хэрэгтэй асуудлаа зөв оноож харна гэдэг, зөв асуултаа асууна гэдэг шийдэл олохоос дутуугүй чухал. Энэхүү хэлэлцүүлгээр бид энэ зүгт нэг алхам урагшиллаа.

Инновац хаанаас төрөх вэ гэдгийг та ч гэсэн нухацтай бодож үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe