Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг дампууруулж буй Д.Баттүвшинг ажлаас нь чөлөөлжээ

.Graph
2025-09-10

Төрийн оролцсон бүх юм дампуурч байдаг гэх үг оргүй хоосон биш бололтой. Дарханы арьс ширний цогцолбор, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд тоолоод эхэлбэл овоо хэдэн жагсаалт гарах байх. Энэ жагсаалтын үргэлжлэл Хөтөлийн “Цемент шохой” ХХК болох нь. 2015 онд 41 тэрбум төгрөгөөр хувьчилж байсан үйлдвэрийг 2022 онд хүч хэрэглэн байж төр мэдэлдээ буцаан авсан. Тухайн үедээ “41 тэрбумаар хувьчилсан үйлдвэрээ 346 тэрбумын өртэй байхад нь буцаан авлаа” гэж зарим гишүүд шүүмжилж байв.

Үйлдвэрийг төрд авсны дараа одоогийн сагсан бөмбөгийн “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар захирлаар нь томилогдож, түүний дараа 2024 оны 1 сард УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилж байжээ. Гэвч сар хүрэхгүй хугацааны дараа дахин захирлаа сольж, 2024 оны 2 сард “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн үеэл гэгдэх Д.Баттүвшинг томилсон байдаг. Б.Цогтгэрэл бол тус үйлдвэрийг төрд хүчээр авахад гол оройнд нь манлайлж явсан нэгэн.  

Гэтэл одоо уг компани дампуурч, үйл ажиллагаа нь зогссон бололтой. Д.Баттүвшин гэх захиралтай болсноос хойш тус компанийн цэвэр ашиг 564 дахин буурчээ. 

Бүр тодруулбал, төрийн аудитаар баталгаажсан тайланд дурдагдсанаар 2023 оны 12 сарын 31-ний байдлаар Хөтөлийн “Цемент шорой” ХХК-ийн татварын дараах ашиг 11.2 орчим тэрбум төгрөг байсан бол 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 19.8  сая төгрөг гэж гарчээ. 

Түүнчлэн тус компанийн 2023, 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангаар өндөр эрсдэлтэй 40, дунд эрсдэлтэй 20 асуудал байгааг баталгаажуулан, компанийн үйл ажиллагааг хангалгүй гэж дүгнэсэн байдаг. 

Тиймээс Засгийн газар үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргаж ажиллах 14 хоногийн хугацаатай албан даалгаврыг үйлдвэрийн удирдлагын багт өгсөн байдаг.

Уг албан даалгаврын хугацаа дууссан төдийгүй тус компанийн ТУЗ-ийн 9 сарын 8-ны тогтоолоор гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 

Хамгийн сайн чанарын цементийг хийж, жишиг тогтоон, тэргүүлэх ёстой төрийн мэдлийн үйлдвэрийг ийнхүү дампууруулсан Д.Баттүвшинг зүгээр ажлаас нь чөлөөлөөд л болно гэж үү. Төрийн өмчит компаниудаар бууриа сэлгэн тоглодог энэ мэт нам дагасан цүнх баригчдад ногдуулах хариуцлагыг чангатгахгүй бол ажлаас халагдана гэдэг нь тэдэнд бараг “бэлэг” болоод үлдэх нь. Нэг компанид ганц хоёр жил сууж, дампууруулаад л ажлаас халагдсан нэр зүүж, дараагийн албан тушаалдаа суудаг жишгийг халан, дорвитойхон шиг хуулийн хариуцлага ногдуулдаг болж байж төр чинь цэвэрлэгдэнэ шүү, Г.Занданшатар аа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe