Монголыг дахин “нэг жаран тэжээх” ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР

Ж.Номин
2025-09-08

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.09.07/ Орхон аймагт ажиллан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид шинэ зэсийн орд нээсэн тухай болон нөөцөө шинэчлэн тогтоож, түүхэн дээд амжилт үзүүлсэн тухай мэдээлэл хөврөөд буй.  Тэгвэл Эрдэнэтийг байтугай монголыг тэжээдэг саалийн үнээ гэх хоч зүүдэг Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилтуудтай танилцацгаая.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

Эрдэнэт үйлдвэр юу үйлдвэрлэдэг вэ?

  • "Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан юм.
  • Тийнхүү 1973 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гэх нэрээр 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. 
  • Харин 2016 онд тус үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын эзэмшилд аван, 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэх статустай болгожээ. 
  • Тус үйлдвэр нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлон, 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 600.0 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5.0 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. 

Ямар түүхэн амжилт тогтоов?

  • Эрдэнэт үйлдвэр жилд  41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн түүхэнд дээд амжилт болжээ.
  • Түүгээр ч зогсохгүй энэ онд нөөцөө дахин шинэчлэн, 3.4 тэрбум тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогджээ. 
  • Ингэснээр 1972 онд 34 жил ашиглах нөөцтэй байсан тус үйлдвэр 4 удаагийн нөөц шинэчлэлийн хүрээнд ийнхүү ашиглах хугацаагаа 55 жилээр уртасгаж, 2079 он хүртэл үйлдвэрээ ажиллуулах боломжтой болжээ.

Нөөцийн хажуугаар юун ШИНЭ ОРД вэ?

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид бараг гурван жил нарийвчилсан хайгуул, судалгаа хийсний үр дүнд Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт “Оюут” нэртэй зэсийн шинэ орд нээлээ. 
  • Тус орд нь хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байгаа юм. 
  • Тэгэхээр тус ордын цэвэр зэсийн нөөц 1.1 сая гаруй тонн байх боломжтой аж. 
  • Урьдчилсан байдлаар тус ордыг даруй 30 жил ашиглах боломжтой гэж геологичид тооцоолоод байна. 
  • Ташрамд, Оюут орд нь Эрдэнэтийн овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь дэд бүтцийн хувьд нэн таатай орчин, нөхцөл юм.

Зүгээр суудаггүй Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд

  • Үйлдвэрийн ажилчид, инженерүүд өөрсдөө зураг төслөө боловсруулан, барилгын ажил, тоног төхөөрөмжийн угсралт зэргээ хийж, хүдэр Баяжуулах үйлдвэрийнхээ 2,3 дугаар секцийг бүрэн шинэчилжээ.
  • Ингэснээр тус хоёр секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулж, нийт баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 40 сая тонн болгож нэмэгдүүлсэн байна. 
  • Мөн дээрх шинэчлэлийн үр дүнд хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулжээ. 
  • Үүгээр ч зогсохгүй төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэсэн байна.

Муу нэртэй ТӨҮГ-уудаас ялгарах нь

  • Сүүлийн үед Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаниудтай холбоотой хэл ам тасралтгүй хөвөрч, “ашиггүй ажиллаж, хаалгаа барихдаа туллаа, улсаас татаас авч байна, захирлууд нь хэдэн арван саяын цалин авч байна” гэх шүүмж өрнөж буй. 
  • Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эсрэгээрээ манлайлал үзүүлж буйг харлаа. 
  • Тус үйлдвэр 7000 гаруй ажилтан, уурхайчин, инженер, геологичтой.
  • Өнөөдрийн байдлаар (2025.09.07) урт хугацааны ямар ч өр төлбөргүй, борлуулалтын орлого нь 2.8 их наяд төгрөгт хүрч, Монголбанканд 722 сая доллар төвлөрүүлээд байгаа аж. 
  • Түүгээр ч барахгүй хүдэр олборлолт болон хүдэр боловсруулалтаа тогтмол өсгөж, ДНБ-ий 5.8 хувийг, экспортын 8 хувийг, Улсын төсвийн орлогын 7 хувийг дангаар бүрдүүлж байна. 
  • Мөн Үндэсний баялгийн санг арвижуулж, газрын хэвлийн үр ашийг ард иргэдэд хүртээхэд чухал үүрэг гүйцэтгэж буй гэнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe