Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн том оврын авто машин “Патрол” машинтай шүргэлцсэний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, 7 хүн амиа алдаж, 34 автомашин, дөрвөн барилга шатаж, нийтдээ 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй хэмээн 2024 оны зургаадугаар сард Улсын комиссын дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэр гарч, буруутай этгээд тогтоогдох хүртэл тус барилгатай холбоотой нураах болон дахин барих ажлыг НЗДТ хариуцах аж.
Ийнхүү Улсын комиссын дүгнэлт гарснаас жил гарангийн дараа буюу өнөөдрөөс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ын 60 хүнтэй баг 2.4 тэрбум төгрөг зарцуулан нураахаар болжээ.
Асуудал шүүхээр шийдэгдсэний дараа нийслэлээс гаргасан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ хэмээн Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдлээ.
Барилгыг 45-90 хоногт буулгана. Өмнө нь 6 хүртэл давхар барилга нурааж байсан туршлагатай тус компани уг 13 давхар барилгыг тоосжилт бага үүсгэж, дээд талаас нь давхар давхраар нь нураахаар төлөвлөсөн тухайгаа дурдлаа.
Орон сууцанд 62 өрх амьдарч байсан бөгөөд нэг л өдөр өмссөн хувцаснаасаа өөр өмчгүй болж, 20 сарын хугацаанд түрээсийн байр хэсэж, байнгын цочиж сэрдэг, түгшүүр, тодорхойгүй байдалд дунд амьдарч байгаагаа учирлаж байна.
Мөн оршин суугчид тус барилгыг түргэн хугацаанд нураан, дараагийн орон сууцаа хурдан барьж, орох оронтой болохыг хүсэж байгаа талаараа дурдав. Харин орон сууцыг энэ намар нураах ч шинэ барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх юм байна.
Шинээр барих ажилд 15 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Сэтгэгдэл үлдээх