Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Энэ оны төсвийн хагас жилийн гүйцэтгэлээр АМНАТ анх удаа буурч орж ирлээ. АМНАТ-ийн хувь хэмжээний өөрчлөлт ирэх оны төсөв төвлөрүүлэхэд эергээр нөлөөлөх боломжтой юу?
- Төсөв төвлөрүүлэлтэд эергээр нөлөөлөх боломжтой. Өмнө нь АМНАТ-ийн хувь хэмжээ их төвөгтэй байсан. Учир нь, дотоодын үнэлгээний бенчмарк буюу өөрийн жишиг үнэгүй байсан учраас гэрээний үнээр явж үзсэн. Гэрээний үнээр явж үзсэн чинь Монгол Улсад хямдхан зараад, БНХАУ болон бусад орон руу гаргахдаа өндөр үнээр зарж, татвараас зугтах асуудлууд үүсдэг болчихсон байсан. Үүнийг болиулахын тулд жишиг үнэ гэж олон улсын биржийн үнэ рүү тооцож хийсэн. Энэ нь бодит үнээс хэт өндөр болчхоод байсан. Манай улс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай болсон. Энэ хууль гарснаас хойш бид дотоодын биржээр дамжуулан, бодит үнээ гаргаж авдаг болсон. Үүнээс доод тал нь 23, дээд тал нь 56 хувийн АМНАТ авахаар аж ахуйн нэгжүүдэд хүнд тусдаг байсан тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тогтоолын төсөл танилцуулж, Засгийн газраар батлуулсан. Энэ дагуу он дуустал дотоодын биржийн үнэд суурилж АМНАТ өгдөг болно. Гэхдээ ААН-үүд нийт борлуулж буй бүтээгдэхүүнийхээ 25 хувийг дотоодын биржээр арилжих шаардлагыг заавал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын биржээ дэмжинэ гэдэг нь дуудлага худалдаанд оролцох, тэр хэрээр үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ өсөлтөөс АМНАТ-ийн орлогын алдагдлаа нөхөх тооцоотой байгаа. Ингэснээр 50 орчим тэрбум төгрөгийн төсвийн бүрдүүлэлт дутна гэж тооцож байгаа бол бидний зүгээс 25 хувийн шаардлагыг компаниуд хангаж, ажиллахаар 100 тэрбум төгрөг олно гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй байна.
- “Mining Expo 2025” болох гэж байна. Нөгөө талд уул уурхайн орд эзэмшигчдээс 34 хувийг нь төр буцааж авах хэлцэл үргэлжилж байна. “34 хувийн” учрыг олж авахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж лоозогнож, хурал цуглаан хийх нь үр дүнд хүрэхгүй гэж санагдаад байгаа юм. Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах ямар бодлого барьж байгаа юм бэ?
- Санагдах биш, бодитой болчхоод байгаа. ААН-үүд орд газрынхаа хайгуулыг нэмэгдүүлэхгүй,томруулахаас айдаг болсон байна. Томууд нь яах нь тодорхойгүй байдал руу орчхоод байна. Төр үүнд зөв зохион байгуулалт хийхээс өөр гарцгүй. Нэг талдаа Үндсэн хуулийн 6.2-р заалт (Нийт ард түмний баялаг бол байгалийн хэвлийн баялаг мөн)-ыг хэрэгжүүлэх ёстой. Үүнээс хөрөнгө оруулалт хийж байж баялгаа гаргаж ирж зарна. Геологийн нөөц гэдэг нь газар доор байгаа хэмжээ. Геологийн нөөцийг яг баялаг болгон гаргаж ирээд зарж байж орлого олдог. Үүнийг ухаж гаргаж ирэх, хайж судлах, тээвэрлэж зарах бол тэр чигтээ зардал. Энэ зардлыг бид хаанаас санхүүжүүлэх вэ гэхээр хөрөнгө оруулалтаас л санхүүжүүлнэ. Тэгэхээр хөрөнгө оруулагчийг оруулж ирэхээс өөр гарцгүй.
Уул уурхайн төслүүдийн хамгийн том онцлог бол асар их хэмжээний урьдчилсан хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгэхээр бид энэ эрсдэлтэй бөгөөд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай салбарт орсон хувийн хэвшлийнхнийг айлгах, үргээх бодлого явуулж болохгүй.
Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг хэт шүтэж, Үндсэн хуулиар заагдсан баялгийн эх үүсвэрээ ард түмэнд хүртээх бодлогоосоо татгалзаж болохгүй. Тиймээс балансыг нь олж, зөв зүйтэй зохион байгуулах ёстой. Манай яамны зүгээс “Орд газрууд дээр тусгай АМНАТ байх ёстой. Тусгай АМНАТ-өө тооцоолох ёстой. 34 хувиа хэрхэн тооцох вэ, үүнийгээ тусгай АМНАТ-өөр хэрхэн авч явах вэ. Том, жижиг, улсынх, хувийнх гэж ялгалгүй бүгд төлье. Ингэж байж Баялгийн сангийнхаа эх үүсвэрийг улам том болгоё. Ингээд ард иргэдэд очих үр өгөөжийг нэмэгдүүлье” гэсэн байр суурьтай байгаа.
- Монгол Улсад Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулагч гээд нэрлэчих сүртэй том тоглогч алга. Намрын чуулгантай зэрэгцээд “Оюу толгой”-н татварын маргаан, бусад илэрсэн нөөцийг сонсголоор оруулна гэх асуудал ярьж байна. Гэтэл бид одоо байгаа төслөө гөвөөд байх юм уу, эсвэл шинээр нэмж төсөл нээх ёстой юм уу?
- Өөртэй чинь мөн л санал нэг байна. Одоо хэрэгжүүлж байгаа төслүүд буюу 1990 оноос хойш хийсэн эрэл судалгааны ажлын үр дүнд бид амьдарч байна. Хайгуулын лицензийн тоо ашиглалтын лицензээс хоёр дахин бага байна гэдэг бол дэлхийд байхгүй үзэгдэл. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр бидний үр хүүхэд ирээдүйд эдийн засгаа тогтвортой авч явах, амьдралын чанараа баталгаажуулах, боловсролтой, орон байртай, авто замтай, гэрэл цахилгаан, дулаантай, тэтгэвэр цалин нь өсдөг, айх аюулгүй эдийн засагтай байхын тулд бид орд газруудаа нээн илрүүлэх ёстой. Нээн илрүүлсэн орд газрууд дээрээ хөрөнгө оруулалтыг татах ёстой. Өөрөөр хэлбэл, бид эрэл судалгааны ажлаа эрчимжүүлэх ёстой. Яг одоо байгаа нөхцөл байдлаараа бол бидэнд тийм боломж алга. Оюу толгойтой холбоотой асуудлын хувьд татварын маргаан нь олон улсын арбитрын шүүхээрээ шийдэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрийг харж байна.
Хоёрдугаарт, одоо байгаа хэдэн хөрөнгө оруулагчдаа зодож хөөхөөс илүүтэйгээр шинийг оруулж ирэх ёстой. Шинийг оруулж ирж байж бид эдийн засгаа томруулна. Ингэж байж бид цалин, тэтгэврээ нэмнэ. Ийм л бодлоготой байгаа.
- Алт дөнгөж 6 тонн л гарсан байна. Уг нь жилд 10 тонн алт гардаг шүү дээ. Гэтэл үнэ өсөөд байхад алт тушаалт буураад байна. Ерөнхийлөгч ч хориг тавьчихлаа. Тэгвэл бид яаж алт тушаалтаа нэмэгдүүлж, валютын нөөц, ханшдаа эерэг нөлөө үзүүлэх вэ? Эсвэл хилээр, нүүрсэн дундаа хийгээд хулгайгаар алт гараад байгаа юм биш үү?
- “Алт 3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөлд олон чухал заалт байгаагийн нэг нь хил гаалийг чангатгах, үүнд онцгой анхаарал хандуулах тухай орсон. Хоёрдугаарт, алтны болон бусад ашигт малтмалын хайгуул, эрэл судалгааны ажлыг олон төрлөөр явуулах, эрчимжүүлэх заалт байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол “Тусгай хамгаалалттай газар нутагт байгаа гурван үндсэн ордыг ашиглах” гэх заалт юм. Уг заалт нь Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ дээр хэлэлцэж байх явцад УИХ-аас томилсон Ажлын хэсгийн оруулсан заалт байсан. “Алт 3” аяны хүрээнд бид банк санхүүгийн байгууллагуудаас хямд эх үүсвэр авч, ААН-үүдээ дэмжин, эдийн засагт хэрэгтэй байгаа валютын нөөцөө хамгаалах, хадгалах чиглэлд тогтоол эцэслэн гаргахаар ажиллана.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх