Алдарт загвар зохион бүтээгч Giorgio Armani 91 насандаа таалал төгслөө

.Graph
2025-09-05

Италийн загвар зохион бүтээгч, дэлхийн алдарт брэндийн эзэн Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ. Түүний эмгэнэлийн мэдээг 9 сарын 4-нд Giorgio Armani брэндийн албан ёсны цахим хаягуудаар олон нийтэд зарласан юм.  

Жоржио Арманигийн хувьд итали хэв маяг, тансаг гоо зүйн бэлгэдэл болж, эрэгтэй эмэгтэй хослолыг орчин цагийн хэрэглэгчдэд зориулан шинэчлэн хүргэж ирсэн. Түүний Armani компани 1975 онд Италийн Милан хотноо байгуулагдаж, загварын ертөнцөөс эхлэн гоо сайхан, үнэртэн, хөгжим, спорт, тэр ч байтугай тансаг зэрэглэлийн зочид буудлыг хамарсан томоохон эзэнт гүрэн болж өргөжсөн бөгөөд жил бүр 2 тэрбум фунт стерлингээс илүү орлого олдог болсон юм.

Донателла Версаче өөрийн Instagram хуудсаар дамжуулан түүнийг дурсан хүндэтгэл үзүүлж, “Өнөөдөр дэлхий аваргаа алдлаа. Тэр түүх бүтээсэн, мөнхөд дурсагдана” гэж бичжээ.

Харин брэндийн Instagram хуудсанд гарсан мэдэгдэлд Армани “насан эсэцлэх сүүлчийн өдөр хүртлээ ажиллаж, компани, цуглуулга, ирээдүйн олон төсөлд өөрийгөө бүрэн зориулсан” хэмээн онцолжээ.

Түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолыг 9-р сарын 6-ны Бямба гарагаас 9-р сарын 7-ны Ням гараг хүртэл өглөө 9:00–18:00 цагийн хооронд Милан хотын Armani/Teatro-д олон нийтэд нээлттэй хийх аж. Харин түүний оршуулах ёслолыг Арманигийн өөрийн хүсэлтийн дагуу гэр бүлийн хүрээнд, нам гүмхэн зохион байгуулах аж. 

Ташрамд, Тэрээр загварын ертөнцөд олон шинэчлэлийг хийсэн бөгөөд 2006 онд загвар өмсөгч Ана Каролина Рестон анорекси өвчнөөр өөд болсны дараа Армани жингийн дутагдалтай загвар өмсөгчдийг тайзан дээр гаргахыг хориглосон анхны дизайнер болж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe