Монгол ялагдлаа

Ц.Чимэдцэеэ
2025-09-03

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг манай нутаг дэвсгэрээр дамжуулах болсныг зарлалаа.

Оросын Газпром, Хятадын төрийн өмчит CNPC компаниуд дээрх асуудлыг тохиролцсон санамж бичигт гарын үсэг зурснаар ийнхүү “Сила Сибирь 2” буюу “Сибирийн хүч 2” төсөл хэрэгжихээр болжээ.

Үүнээс өмнө 2022 оны нэгдүгээр сард уг төслийг баталсан хамтарсан протоколд “Газпром” компанийн ТУЗ-ийн дэд дарга Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар гарын үсэг зураад байсан аж.

Мөн Монгол, Орос хоёр талын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулж, маршрутаа тогтсон тухай Эдийн засаг, хөгжлийн яам энэ оны дөрөвдүгээр сард мэдээлж байжээ.

Давуу тал

Ерөнхий сайдыг хэлэлцээрийн мэдээ дамжуулсан дор сайн хэмээн үнэлсэн сэтгэгдлүүд хөврөх болсон. Тэгвэл яг юунд сайн, яагаад баярлах ёстойг нарийн тодорхой мэдээгүй цагт ийн дүгнэх эрт.

Ерөнхийдөө ,

  1. Эдийн засгийн өсөлт: Хийн хоолой баригдсанаар манай улсын эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт орж, төсөвт тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ.
  2. Ажлын байр нэмэгдүүлэх: Төслийн хэрэгжилтийн явцад олон ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ.
  3. Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Байгалийн хий нэвтэрснээр аж үйлдвэр, айл өрхүүд байгальд ээлтэй, хямд эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж, улмаар Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулах боломжтой болно.
  4. Олон улсын хамтын ажиллагаа: ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээн хэмжих боломжгүй, хийсвэр төсөөллийг манай улсын засгийн зүгээс амалж байгаа нь харамсалтай.

Харин яг одоо БНХАУ-д айлчилж яваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо ирээд, засаг толгойлон буй Г.Занданшатар төсвийн асуудлаа төвхнүүлэх зуураа албан ёсоор дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.

Энэ зуур эргэлзээтэй асуудлуудыг анхаарч авах хэрэгтэй.

Сургамж

ОХУ-ын хийн ихэнх экспортыг Украинаар дамжсан хийн хоолойгоор Европын улсууд руу нийлүүлдэг байсан. Ийнхүү их гүрэн өөрийн дэд бүтцээ хашиж, хамгаалахаар тус улсын нутаг дэвсгэрт цэрэг, хүчнээ оруулах бүрэн эрхтэй болсон юм.

Улмаар 2014 онд Крым рүү цэргийн хүч нэвтрүүлж, өөртөө нэгтгэж буйгаа зарлаж байв.

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн үлгэр ийнхүү хоёр улсын дайн, мянга мянган гэмгүй иргэний амь насаа эрсдүүлэх нэгэн тулгуур болсон билээ.

Дээрх хоёр улс дайнгүй жилүүдэд ч тогтмол хийн хоолойн ашиглалт, төлбөрийн асуудлаар маргадаг байв.

Ийнхүү туурга тусгаар Монгол Улсад ч дээрх шиг аюул нүүрлэхгүй гэх баталгаа эрээд олсонгүй.

ОХУ-ын геополитик

ОХУ, Украин хоорондын мянга мянган хүний амь нас, эрүүл мэндийг зольсон дайн ОХУ-ыг дэлхий ертөнцөөс алсалж буй. Энэ даваа гарагт л гэхэд ОХУ-ын агаарын хүчин Украины 16 хотод довтолж, таван хүний амь эрсэдсэн талаар Al jazeera мэдээлсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Украинаас зөвшөөрөлгүйгээр зарим хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүх дайны гэмт хэрэгтэн гэж тооцсон. Энэ бүхний үр дагаварт ОХУ улс баруун тийшээ “нэр нүүргүй” болж, эдийн засгийн хувьд ч алдагдал хүлээгээд буй.

Улмаар тэдний хувьд БНХАУ-руу хийн экспортоо нэмэгдүүлэх, Ази, номхон далайд нөлөөллөө тэлэх нь зайлшгүй алхам. Гагцхүү хэрхэн гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан.

Харин БНХАУ-ын Ялалтын баярын 80 жилийн ойн ёслол БНХАУ-ын манлайлал бүхий дэлхийн шинэ дэглэм, хамтралыг харуулж, ОХУ-д боломж олголоо. Дэлхий дахинаа БНАСУ-ыг оруулсан гурвалыг барууны эсрэг бодлогоо зарлаж буй маш тодорхой дохио хэмээж буй юм.

Энэхүү эгзэгтэй цаг үед манай улс барууны эсрэг зогсох хоёр хүчнийг холбосон гүүр болсноороо эдийн засгийн өгөөжөөсөө долоо дордож, төвийг сахих гадаад бодлогын байр сууриа алдан гадуурхагдах вий гэсэн айдастай нүүр тулах болж байна.

Монгол ялагдлаа

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна” гэх уриатайгаар ялж, гадаад харилцаанд бүрэн эрхтэйгээр Монгол Улсыг төлөөлөх болсон.

Тэр  2018 оны 6 сарын 9-ний өдөр Хятадын Чиндао хотод гурван улсын төрийн тэргүүний дөрөв дэх уулзалтын үеэр  “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээж байжээ.

Ийнхүү гадаад бодлогын түвшинд өнөөдрийн асуудлын зангилаа энэ хүнээр тайлагдав.

Тэгвэл туурга тусгаар Монгол Улсын газар нутгаар хойноос урагш хий нийлүүлэхээр байгуулагдах нь чухам хэнд ялалт, хэнд ялагдал авчирч буйг дээрх дурдсан цөөн баримтаас харахад илхэн биз ээ.

 

Гаднын эх сурвалж:

  • https://www.britannica.com/event/2022-Russian-invasion-of-Ukraine
  • https://www.reuters.com/business/energy/russia-halts-gas-exports-europe-via-ukraine-2025-01-01/
  • https://www.aljazeera.com/news/2025/9/1/russia-ukraine-war-list-of-key-events-day-1285

Сэтгэгдэл үлдээх

Unenshdee iim notstoi asuudal bolood bhad yagaad hen ch ene talaas n bichihgui bna. Bugd dulii dumbe orgiod harj baiy gsn shig suugaad bh yum. Jagsaal tsuglaanaar ch eserguutseh dainii asuudalshdeeeee

X

Дэмжих үү?

0 0

bidni daisan bol bid l bn.

arai dendu uma

Дэмжих үү?

0 0

Ямар сонин тэс барууных юм шиг мэдээ вэ? Хэдэн мэдээ холиод бичсэн юм шиг. Эсвэл гадны мэдээ хуулаад орчуулаад бичсээ юм шиг? 😒

Genz

Дэмжих үү?

3 2

Үнэн шүү. Оросын хийн хоолойг дашаж цус, нулимс 2 урсдаг

Zochin

Дэмжих үү?

2 2
Newsletter Subscribe