СУДАЛГАА: 2020 онтой харьцуулахад МАН-ыг дэмжигчид 1.5 хувиар буурч, АН-ыг дэмжигчид 1.4 хувиар өсжээ

.Graph
2025-09-02

SICA судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагын зүгээс “Монголын Улсын нийгмийн  үеийн судалгаа 2025” тайланг олон нийтэд нээлттэй танилцуулжээ. 

Тус байгууллага 2020 онд уг судалгааг анх удаа хийж, монголын нийгмийн үеүдийг тодорхойлон танилцуулж байсан бөгөөд ийнхүү дахин судалгааг ижил арга зүйгээр давтан хийснээр үеүдийн итгэл үнэмшил, ёс суртахуун, нийгэм, эдийн засгийн талаарх санаа бодол сүүлийн таван жилд хэрхэн өөрчлөгдсөнийг судлах, цаашид хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах боломжтой гэж үзсэн байна. 

Судалгаанд 18 нас хүрсэн 2,190,627 хүнээс түүврийн аргаар 1200 хүнийг сонгон хамруулжээ. 

Ингэхдээ нийгмийн үеүдийг социалист, завсрын, шилжилтийн, шинэ, орчин үеийнхэн гэж ангилсан байна. Орчин үеийнхэнд 2011 оноос хойш төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд энэ үеийнхнийг судалгаан хамруулаагүй байна. Учир нь 2011 оноос хойш төрсөн үеийнхэн нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу судалгаанд оролцох насанд хүрээгүй буюу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болон төлөвших насанд хүрээгүй байгаа учир судалгаанд хамруулаагүй аж.

Ийнхүү судалгааг 

  • Нийгэм, эдийн засгийг үнэлсэн үнэлэмжид гарсан өөрчлөлт, 
  • Итгэл үнэмшил, үзэл сурталд гарсан өөрчлөлт, 
  • Улс төрийн үзэлд гарсан өөрчлөлт,
  • Интернэт, медиа хэрэглээнд гарсан өөрчлөлт гэсэн 4үндсэн агуулгын хүрээнд явуулсан бөгөөд 2020 оны судалгааны хариултуудтай харьцуулан дүгнэжээ. 

Дээрх судалгаанаас онцлох дүгнэлтүүдийг түүвэрлэн хүргэе. 

  • Монгол Улсын боловсролын системийг сүүлийн 5 жилд иргэд илүү муудсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл% Монгол Улсын боловсролын системийг муу гэж үнэлсэн иргэдийн тоо сүүлийн 5 жилд 4.7 хувиар өсжээ.

Нийгмийн үе залуужих тусмаа боловсролын систем муу байгаа гэж үзжээ. 

  • Танай байгууллага таны ажлыг шударгаар үнэлдэг үү гэсэн асуултад тийм буюу бүрэн итгэлтэй байсан иргэдийн тоо сүүлийн 5 жилд 18.7 хувиар буурч зарим тохиолдолд гэж хариулсан иргэдийн тоо өссөн байна. Энэ нь ажилчид нь байгууллагынхаа шударга байдалд эргэлзэж эхэлж байгааг харуулж байна.

Нийгмийн үе залуужих тусмаа байгууллагынхаа шударга байдалд эргэлзэж эхэлдэг ажээ.

  • Монгол Улс 2050 онд Дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, Монголчууд сайхан амьдарна гэдэгт 2020 онд 2 хүн тутмын 1 нь итгэдэг байсан бол 2025 онд буурсан үзүүлэлттэй гарчээ. Улс орны ирээдүй сайхан болно гэдэг итгэлгүй байгаа иргэдийн тоо сүүлийн 5 жилд 11.7 хувиар өссөн байна.

Нийгмийн үеүдийн хувьд улс орны ирээдүй сайхан болно гэсэн итгэл үнэмшлийн ялгаа байхгүй байгаа ба сүүлийн 5 жилд бүх үеийнхний итгэл буурч илүү эргэлзэж эхэлсэн байна.

  • Төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хураан авах нь зөв гэж үзэж буй иргэд 2020 оны байдлаар 22.8 хувийг эзэлж байсан бол 2025 онд 22.2 болж 0.7 хувиар буурчээ. Харин буруу гэж хариулсан иргэдийн тоо мөн адил буурч, мэдэхгүй гэсэн хариулт өгсөн иргэдийн тоо өссөн байна.

Нийгмийн үе залуужих тусмаа төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хураан авах нь буруу гэж үзэж байна.

  • Улс төрийн намуудын хувьд 10 хүн тутмын 6 нь ямар нэгэн улс төрийн намыг дэмждэггүй гэжээ. Харин 2025 оны байдлаар судалгаанд оролцогчдын 21.6 хувь нь МАН-ыг илүүд үздэг гэсэн ба энэ нь 2020 оноос 1.5 хувиар буурсан дүн юм. АН-ыг үлүүд үздэг гэж хариулсан иргэд 14.3 хувийг эзэлж байгаа ба 2020 оноос 1.4 хувиар өссөн байна.

Эцэст нь Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг Монгол улсын иргэд сүүлийн 5 жилд харьцангуй муудсан гэж үзэж байна. Тус ойлголтод ёс суртахуун, эдийн засаг, амьжиргаа боловсролын чанар, шударга байдал зэрэг үзүүлэлтүүд хамаарч байгаа ба эдгээр үзүүлэлтүүдийг бүгд буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнийг дагаад Монгол улсын ирээдүйд илүү итгэлгүй болж байгаа нь судалгааны үр дүнгээр ажиглагджээ. 

Судалгааны тайланг бүрэн эхээр нь харахыг хүсвэл энд дараарай.

Эх сурвалж: Datamon.mn 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe