УИХ-ын чуулганы 2025 оны 5-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл батлагдсан. Улмаар Монголбанк зээлдэгчийн онооны систем болон, холбогдох журмыг боловсруулж 9 сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр боллоо.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд өөрчлөлт оруулах тухай
УИХ-аас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болон Зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн мэдээллийг хугацааны болон чанарын ангиллаар тусгаснаар олон нийтийн дунд “Монголбанкны хар жагсаалтад орсон тул иргэд зээл авах боломжгүй болж байна” гэсэн буруу ойлголт, сөрөг хандлагыг байхгүй болгох юм.
Мөн иргэдийн санхүүгийн боломжийг хязгаарлаж буй одоогийн тогтолцоог өөрчлөх зорилгоор зээлийн мэдээллийн лавлагаанд хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй байх шийдвэрийг 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гаргаж тус шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа нь 9 дүгээр сарын 10-ны өдөр байхаар тохируулсан. Учир нь зээл олгогч банк, санхүүгийн байгууллагууд дотоод системдээ өөрчлөлт оруулах шаардлагатай тус хугацааг олгосон байна.
Арилжааны банкнууд нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дугаар хамтарсан тушаалын хавсралт болох “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Тус лавлагаанд туссан ангиллын мэдээллийг арилжааны банкнууд болон бусад санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг үнэлэхдээ ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй дижитал зээлийн шийдвэр гаргалтад ч мөн өргөнөөр ашигладаг.
Гэвч энэ тогтолцоо нь олон улсын сайн туршлагад нийцэхгүй байгаа бөгөөд харилцагч зөвхөн нэг зээл дээрээ хугацаа хэтрүүлсний улмаас ангилалд орж, улмаар цаашид аливаа байгууллагаас зээл авах боломжгүй болох сөрөг үр дагавар бий болгож байна.
Анх дээрх журмын хүрээнд нийлүүлэгдэж буй зээлийн хугацаа болон чанарын ангиллын мэдээлэл нь зөвхөн Монголбанкны дотоод хяналт, шалгалт болон судалгааны зориулалтаар ашиглагдах ёстой байсан ч тухайн үед зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээд байхгүй, зээлийн онооны систем бүрдээгүй байсантай холбоотойгоор дээрх тогтолцоо бүрэлдсэн байна.
Мөн хугацааны ангиллыг зээлийн лавлагаанд тусгаж байгаа нь олон нийтийн дунд “Монголбанкны хар жагсаалтад орсон тул иргэд зээл авах боломжгүй болж байна” гэсэн буруу ойлголт, сөрөг хандлагыг түгээж байна.
Тиймээс Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор зээлийн онооны аргачлал хэрэгжих эрх зүйн боломж бүрэн бүрдсэн тул зээлийн эрсдэлийг тооцохдоо ангилал бус зээлийн оноог өргөнөөр ашиглах нөхцөл бүрдээд байна. Иймд иргэдийн санхүүгийн боломжийг хэтэрхий хязгаарлаж буй одоогийн тогтолцоог өөрчилж, зээлийн мэдээллийн лавлагаанд хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй байх арга хэмжээг Монголбанкны зүгээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх
Bolildoo, erkhiin balai huur min. Parazytuudiid demjeed bgamu
Sugar
Дэмжих үү?
0 0