Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Баянгол дүүргийн 26 дугаар хороо буюу Нарны хороолол дунд байрлах ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн асуудал хөндөгдлөө.
Хот төлөвлөлтийн алдаа болсон Алтай хотхон
Өчигдөр /2025.08.31/ дурдагдсан 960 хүүхдийн суудалтай 141 дүгээр сургуулийг анх “Хурд” группийн Нарны хорооллын төлөвлөлтөөр баригдсан. Тус сургууль 2020 онд ашиглалтад орж байсан бөгөөд тухайн жилдээ л Нарны хороолол, Алтай хотхоны 1300 гаруй хүүхэд бүртгүүлж байв.
Гэтэл энэ жил 960 хүүхдийн суудалтай сургуульд 5009 хүүхэд суралцаж, дөрвөн ээлжээр хичээллэнэ гэх. Зөвхөн нэгдүгээр ангид нь л 630 хүүхэд элсэн орж байгаа тул нэг ангид 70-80 хүүхэд суралцах шаардлага үүсжээ.
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Алтай хотхонд л гэхэд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг ч өдийг хүртэл улсын сургууль, цэцэрлэггүй. Иймд Нарны хорооллын 141 дүгээр сургуулийг царайчлан өдий хүрчээ.
Ийнхүү Боловсролын сайд П.Наранбаяр CU дэлгүүрийг түрээсэлж, асуудлыг шийднэ хэмээв.
Зуны гурван сарын турш тэрбум төгрөгөөр яамныхаа сандал ширээг сольж гийгүүлсэн салбарын сайдын үндсэн асуудалдаа олсон энэхүү шийдэл нэгийг бодогдуулнам.
Угтаа бол энэ жил 830 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 30 орчим мянган хүүхдээр нэмэгдсэн тоо. Ийнхүү сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өссөнтэй холбогдуулан нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэх бөгөөд үүнд 32.9 тэрбум төгрөгийн зардал гарах төлөвтэй байна.
Тоон статистик нь хэрэгцээ шаардлагыг нь харуулаад байхад зуны гурван сар асуудлаа шийдээгүй сайд маань хичээл эхлэхийн өмнөх өдөр CU-г царайчлаад явж байгаа нь өрөвдөлтэй.
Боловсролын хүртээмж дагасан асуудал
Нарны хороололд ийнхүү улсын сургууль, цэцэрлэг байдаг тул тус хотхон хотхоныхоо автомашинуудад зориулсан хаалт хийх боломжгүй байдаг аж. Үүнээс үүдэж ойр хавийн төлөвлөлтгүй, зогсоолгүй барилгууд тус хотхоны автомашины зогсоолыг ашигладаг байна. Зүгээр ашиглах нэг өөр хэрэг ч автомашины урсгалыг хааж, хаа хамаагүй машинаа зүглүүлээд орхидог гэх.
Энэ талаар тус хотхоны иргэн Ж “Манай хотхоны хувьд гарааш, зогсоолын хүртээмж сайтай байсан ч сүүлийн жилүүдэд ойр орчимд баригдаж буй барилгын автомашинууд машинаа оруулж ирж зогсоодог болсон. Ингэхдээ урсгал хааж, хөдөлгөөнд саад учруулан, замбараагүй зогсоодог. Энэ нь жолооч нар байтугай явган зорчигчдод ч хүндрэл учруулдаг. “Хотхондоо автомашины хаалт хийе” гэхээр “Улсын сургууль, цэцэрлэгтэй учир болохгүй” гэдэг. Угтаа бол хотхон дунд байгаа сургууль, цэцэрлэгт манай хотхоны 5200 өрхийн хүүхдүүд суралцахад л яг таарахаар. Гэтэл ойр хавийн хороо, бүр хаяа залгаа өөр дүүргийн хүүхдүүд ч ирж сурч байна. Хэрэв сургууль, цэцэрлэгтээ яг суудлынхаа тоогоор хотхоны хүүхдүүдээ хамруулдаг бол автомашины хаалтаа хийгээд, хотхондоо аюул, эрсдэлгүй зорчих боломжтой л гэж харж байгаа” хэмээсэн юм.
Дээрх жишээ бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг дагасан асуудлын нэг. Жижиг асуудал мэт боловч эрх баригчдын яриад байдаг “ойр орчмынхоо бүсэд л амьдрах, гэрээсээ гараад 15-20 минутын дотор төрийн үйлчилгээг авах” гэх мэт худлаа попролын бодит байдал.
Алсын дүүргүүдэд сургууль, цэцэрлэг нэмж барилаа, ашиглалтад орууллаа л гээд байдаг боловч хотын төв хэсгийн төлөвлөлтийн алдаанаас үүдэж гэмгүй хүүхэд, иргэд энэ мэтээр хохирч байна.
Салбарын удирдлагууд нь тэрбум төгрөгөөр тохижуулсан сандал ширээн дээр хуралддаг ч иргэдийн амьдралд дэмтэй, хүүхэд багачуудад ээлтэй шийдвэр гаргаж чадаж байна уу. Сандал ширээгүй сольж байхын оронд сургуулийн байраа түрээсэлж байхгүй CU-г царайчилж байхаасаа салбарын удирдлагууд нь ичих хэрэгтэй. Дахиад хэдэн тэрбумаар яамаа тохижуулж, хэдэн CU-г царайчилж байж сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ шийдэх вэ, П.Наранбаяр сайд аа.
Энэ бол хот төлөвлөлтийн алдаа. Өндөр өндөр орон сууц сүндэрлүүлж байхын оронд ганц ч гэсэн сургуулийн газар гаргаад, бүтээн байгуулалт хийчихсэн бол өдийд салбарын сайд нь CU-г царайчлаад, гэмгүй хүүхдүүд нь 70-80-аараа нэг ангид чихцэлдэхгүй л байлаа.
Сэтгэгдэл үлдээх
Заяа чинь тэр дээ ажилгүй залхуу гөлөгнүүд
Заяа
Дэмжих үү?
0 0Хан-Уул 15-р хороо 130-р сургуулийн дунд ангийн ачаалал маш их Нэг ангид 7- р анги 70-аас дээш хүүхдүүд шахдалцан сууж бна,
Зочин
Дэмжих үү?
0 0Энэ мэтчилэн хэдэн сайд сэтэртэй туйлж байгаа хэдэн дурсамжуудыг огцруулаад байх ёстой газарт нь явуулах ёстой шдээ. ХОМ дахин шалгуул хөрөнгө нь анхны мэдүүлгээсээ хэдэн нугарсан байгаа даа.
Error404
Дэмжих үү?
0 0