Галлагааны улирал эхлээгүй, автомашиныхаа талыг зогсоосон ч агаар бохир байна

.Graph
2025-08-29

Улаанбаатар хотод галлагааны улирал эхлээгүй, нийт автомашины тал хувь нь л хөдөлгөөнд оролцож буй. Түүнчлэн өчигдөр буюу 8 сарын 28-нд Улаанбаатар хотын цаг агаар +21 градусын дулаан байв. Гэтэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ямархуу хэмжээтэй байгааг доорх зураг харуулаад өглөө. Ямар ч нарийвчилсан тоон статистик, агаарын чанарын үзүүлэлт дурдалгүйгээр энэ зураг агаарын бохирдол, тоосжилтын бодит нөхцөл байдлыг тайлбарлачихлаа. 

Тэгвэл өнөөдөр (2025.08.29) Улаанбаатар хотод мөн л +21 градусын дулаан. Гэтэл өглөөний 10:45 цагийн байдлаар Баруун 4 зам орчмын PM10 буюу агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 144 буюу бага бохирдолтой гэх түвшинд хүрчээ. Энэ хэмжээ нь хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц үзүүлэлт юм. 

Харин Монгол газар орчмын PM10 тоосонцрын хэмжээ 711 буюу маш их бохирдолтой байна. Маш их бохирдолтой гэх ангилалд PM10 тоосонцрын хэмжээ 400-500-тай байдаг. Гэтэл энэ тооноос 200-гаар илүү тоосжилтоор бид амьсгалж байна. Ийм тоосжилттой үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж, гэртээ байх хэрэгтэй аж. Мөн цэвэр агаарт салхинд гарах шаардлагатай. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянан, эмчийн хяналтад байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг байна. 

ubaq.weather.gov.mn сайтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын төлөвийг харахад оройны 17:00 цагаас өглөөний 12:00 цаг хүртэл тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ өндөр, агаар бохирдолтой байгааг харж болно. Тэгэхээр бид хоногийн 24 цагаас 4 цагт нь л агаарын бохирдол багатай агаараар амьсгалж байна гэхэд буруутахгүй болов уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe