Дуурийн дуучин Окүяма Юми болон МУИС-ийн профессор Сүхээгийн Баттулга нарт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртээхээр болжээ.
Тодруулбал, энэ жил Монгол Улсаас Япон, Монгол хоёр орны соёлын болоод эрдэм шинжилгээний харилцааг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг тус хоёр эрхэмд хүртээхээр шийдвэрлэжээ.
Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь, Япон Улс болон бусад улс орнуудтай найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан онцгой амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавьяа зүтгэлийг сайшаахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг ард иргэд таниулах зорилготой аж.
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулга нь 1994 оноос хойш МУИС-д 30 гаруй жил япон судлал, соёлын антропологи, олон улс судлал зэрэг чиглэлээр сургалт, судалгааны ажил хийж ирсэн бөгөөд 2008 оноос тус их сургуулийн профессороор томилогдон ажиллаж байна. Тэрбээр Японы их сургууль, судалгааны байгууллагуудтай холбоо тогтоон, эрдэм шинжилгээний харилцааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүүлийн үед гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг чиглэлээр Японы байгууллагатай хамтарсан судалгаа хийж, эрдэм шинжилгээний талаас Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах зөвлөгөө өгөх, Японы модернизац, гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны түүхтэй холбоотой лекц зэргийг тавьж, хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа аж.
Дуурийн дуучин Окүяма Юми нь 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа маш олон удаа тоглохын зэрэгцээ Япон дуу хөгжмийг Монголд, Монгол дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон амжилттай ажиллажээ. 2011 оноос дуулах ур зүйн багшаар ажиллахдаа хөгжмийн боловсролын салбарт ажиллан, монгол шавь нартаа япон дуу зохиол олныг заан сурган, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн тэрбээр Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойн баярын арга хэмжээнүүдэд тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх