Монгол Улсын 32, 33 дахь буюу экс Ерөнхий сайд маань “Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг” хэмээн цахим хуудсаараа хуурай агсамналаа.
Өнгөрсөн 5-р сарын эхээр Л.Оюун-Эрдэнийн бэрийн 300 орчим сая төгрөгийн тансаглал цахим орчинд тархаж, улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүл тэр дундаа 22 настай хүү энэ хэмжээний хэрэглээтэй байгааг иргэд хурцаар шүүмжилж эхэлсэн. Улмаар насаараа хувийн бизнес эрхэлж үзээгүй Л.Оюун-Эрдэнийг өөрийн болон хүүгийнхээ орлогыг нотлохыг шаардсан иргэд төв талбай дээр жагсаж, УИХ-ын нийтийн өргөдөлд санал асуулга явуулсан байдаг. Ийнхүү цахим саналаар л гэхэд 59,560 хүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг дэмжиж гарын үсгээ зурсан юм.
Энэ үеэр экс Ерөнхий сайдын байр суурь Хамтарсан засгийн газар луу чиглэж, АН, ХҮН хоёрыг засгаас хөөнө, хөөхгүй гэх асуудлыг сөхөөд эхэлсэн. Угтаа бол тухайн үед Хамтарсан Засгийн газар байх эсэхээс илүү өөрийнх нь болон хүүгийнх нь орлогын эх үүсвэр л иргэдэд чухал байсан юм. Гэтэл тэгээд Хамтарсан Засгийн газрыг тараана эсвэл “надад итгэл үзүүлээч” хэмээж байсныг зарим улс төр судлаачид зарчимгүй үйлдэл хэмээн дүгнэж байсан.
Ийнхүү Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний сэнтийгээс шөнө дөлөөр бууж байв.
Таван жил орчим Засгийг толгойлсон Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас 55,649 хүний санал авч, 56.4 хувийн үнэлгээтэйгээр НЭГЭЭР сонгогдсон. Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн гэх давхар дээлтэй эрхэм байлаа. Түүний тодорхойлж байгаачлан “худалд гүйцэгдэн”, өнгөрсөн 6 сарын 13-нд албан ёсоор дараагийн Ерөнхий сайддаа халаагаа өгсөн ч УИХ-ын гишүүн гэх сэтэр нь хүчин төгөлдөр буй.
Гэтэл түүний тамгаа өгсөн 6 сарын 13-ны өдрөөс хойш УИХ-ын 2025 оны Хаврын чуулган хаагдтал нийт 14 удаа хуралдсан ч бүгдэд нь суулгүй, чөлөө авчээ. Бүр том тоо хэлбэл тэрбээр нийт 40 удаа хуралдсан УИХ-ын 2025 оны Хаврын чуулганы 6-д нь оролцож, 34 чуулганаас чөлөө авсан байна. Өөрөөр хэлбэл, ард түмний итгэлийг хүлээн төрд сонгогдсон эрхэм экс маань чуулгандаа 15 хувийн ирцтэй л суужээ.
За яах вэ, Засгийн газрын түмэн ажилд нухлагдаа юм байлгүй дээ гээд иргэдээ төлөөлөх үүргээс нь чөлөөлье. Авчиг Ерөнхий сайдын тамгаа шилжүүлэн өгснөөс хойш хуралдсан 14 удаагийн чуулганд ч огт үзэгдсэнгүй.
Гомдсондоо ажлаа хийсэнгүй дээ гэтэл даанч гутамшигтай. Өөрийн хүсэл зоригийн үндсэнд сонгуульд өрсөлдөж, суудал авсан гишүүн хүнд гомдоллох эрх байхгүй сэн.
Чуулгандаа үзэгдэхгүй, иргэдээ ч төлөөлөхгүй, засгаа ч төвхнүүлж чадалгүй бууж, үхсэн амьд нь мэдэгдэхгүй бүгчхээд одоо юун худал, үнэн яриад байгаа юм бэ, гишүүн ээ.
Тэрбээр өөртөө "итгэл хүлээлгэх"-ээр УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төгсгөлд нь ийн “долигонож” байв.
“Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасны дагуу та бүхэн ард түмнийг төлөөлөх онцгой бүрэн эрхтэй билээ. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт” гэдэг үг бий. Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээж байлаа.
Тийнхүү ард түмний төлөөлөл шүү хэмээн онгироож байсан УИХ-ын гишүүд нь Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэлгүй, суудлаас нь “зайлуулсан”. Ард түмний төлөөллөө худал шийдвэр гаргаж, өөрийг нь “зайлуулсан” гэж гомдоллоод байгаа юм болов уу. Ард түмний төлөөллөө худал гэж байгаа бол иргэдээ ч гэсэн “худал” хэмээн цоллоод байгаа хэрэг үү.
4 жил 127 хоног гүйцэтгэх засаглалын тэргүүн хийсэн тэрбээр “Ажлаа хий” жагсаалын үеэр иргэдийнхээ өмнө гарч ирснээс өөрөөр ямар нэг эвлүүлэггүй олны өмнө хэвлэлийн хурал хийж байсан тохиолдол байхгүй. Урьдаас бэлтгэж, дуудсан хэдхэн хэвлэлүүддээ л аахар шаахар асуудлаар мэдээлэл өгч байсан түүний нээлттэй ярилцлагыг тоолбол гарын таван хуруунд ч хүрэхгүй. Тоолоод өгье л дөө.
Түүнийг огцруулахаар 22 хоног талбай дээр жагссан залуусыг гөлөг ч гэж тоож, гэгээн дүрээ харуулаагүй. Эр хүн шиг, эцэг хүн шиг гарч ирээд орлогоо нотолж, баримтаа үзүүлээгүй нь үнэн. Тэр үнэхээр л “үнэн” юм бол айж бэргэлгүй ард түмнийхээ өмнө гарч ирэх байсан болов уу.
Түүнчлэн түүний эсрэг “Огцрох амархан” жагсаал өрнөж байх эд үед хараат бус 10 гаруй хэвлэлүүд нэгдэж, “олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж” шаардлага хүргүүлж байв. Тэр шаардлагын хариуд “Итгэл хүлээлгэх эсэх чуулганы дараа хэвлэлүүдэд яриа өгнө” гэх албан хариуг өгч байв.
Өдийг хүртэл таг чиг. Тэр чигтээ сүүлээ хавчаад, сүүдрээ нуугаад арилж өгсөн. Албан хариунд дурдсан амлалтаа ч биелүүлээгүй “худал” хүн үнэнийг ярилаа шүү дээ.
Эцэст нь эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээ, Тань шиг ийм “худал” хүнд үнэн ярьж, хохирогчийн дүрд тоглох зохихгүй байна. Ийм худал нэгэн гэдгээ өчүүхэн жижиг үйлдлээрээ харуулж байж дуугүй л УИХ-ын чуулгандаа сууна уу. Өөрөөр танд том санаа гаргаж, улс төрийн том тогоо руу өнгийх орон зай үлдээгүй л болов уу. Намын хэдэн дагуул нь хөөргөж болох ч ард түмэн лав итгэхээсээ өнгөрсөн байх.
Би дарга болохгүй гэж хэлээд 2019 онд төрийн ордон руу орсноос хойш үнэнд гүйцэгдэж даргын суудлаас “хөөгдсөн” нь саяхан. Хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашхирдгийн үлгэрээр худалч хүн хамгийн чангаар үнэн гэж хашхичих инээдтэй байна.
Гомдож, гоморхож, амарч дууссан бол ирж гишүүний ажлаа хийнэ үү!
Сэтгэгдэл үлдээх
Үнэхээр гоё бичсэн байна. Жаахан хувийн бодол орсон нь илүүдсэн байна бусдаар гоё. Амжилт
Мижид
Дэмжих үү?
0 0