Улс төрийн тогоон дахь шөл буцлах гээд л уур нь савсаад эхэллээ. Хоёр сарын өмнө индэр дээрээс хөөгдөж буусан Л.Оюун-Эрдэнэ “Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг” гэх гарчигтайгаар улс төрд эргэн ирж байгаагаа зарлалаа. Том ахтай муудалцаж, муудалцах ч юу байх вэ үгэнд нь орохгүй гөжүүдэлж байж нэг сайн жавтий хүртээд хэсэг чимээгүй болсон тэрээр зураглалаа бэлэн болгочхоод түүнийгээ зарлаж байгаа нь энэ бололтой. Багын найз, намын анд Д.Амарбаясгалан болон хэсэг нөхдүүдтэйгээ чимээгүй уулзалт хийсэн Л.Оюун-Эрдэнэ ямар нүүдэлтэй эргэн ирэх нь улс төрийн хүрээнд тун сонирхол татаж байна. Шатрын босоо нүүдлийг хэвтээгээс нь тоглох хэмжээний буруу өнцөг л гаргахгүй бол түүний нүүдлийг том ах унших нь тодорхой.
Ямартай ч өмнө нь бичсэнчлэн Л.Оюун-Эрдэнэ ганц хөзрөө бариад уур нь савсаж буй улс төрийн тогоо руу эргэн өнгийж байгаа нь энэ.
Нэг нь ирж, нөгөө нь буцдаг гэдэг шиг Л.Оюун-Эрдэнэ улс төрд ирж байхад ИЗНН-ын дарга Б.Батбаатар засгаас хөөгдөж байгаа бололтой. ИЗНН-ыг засгаас гаргана гэх яриа өчигдөр оройноос эхлэн сошиал болон дамаар хүчтэй тархаж эхлэв. МАН хамтарч чаддаггүй хаяагаа хадардаг гэдэг нь өнгөрсөн хоёр хамтралаар харагдаж байсан ч энэ удаад арай ч үгүй байлгүй дээ гэж итгэн орсон Ардчилсан нам горыг нь хүртээд удаагүй байх үед дараагийн хохирогч нь ИЗНН болох нь ээ. Нөгөө талаараа эрх мэдэлд хэт шунах нь үлгэрт гардаг шиг сайхнаар төгсдөггүй гэдэг нь энэ юм болов уу.
ИЗНН-ын дарга Б.Батбаатарын бодол засагт орж л байвал гэсэн нэг шугамд орж бусдыг нь анзаараагүй байх.
Бүрэлдэхүүнээр нь хүссэн үедээ огцруулж чаддаг МАН-ын хувьд засгаас ганц нэг шүд сугалах /нэг сайдыг дангаар нь огцруулах/ ядах юм биш. Түүнтэй хамт шинэ засгийн газарт алган дээрээ нүдээ тавин барин үлдсэн ХҮН нам ээлжит хохирогч болох магадлал тун өндөр байна. Боловсролын сайд П.Наранбаярыг тойрсон хэл ам үүнийг илтгэж буй мэт.
Боловсролын сайд П.Наранбаяр уг нь өөрөө боловсролын салбараар олон жил явсан нэгэн ч салбарынхаа зовлонг ойлгодоггүй нэгэн юм шиг.
Эсвэл хувийн сургуулийн хувийн орчиндоо л хайрцаглагдсан байж мэдэх юм. Тавиад өгсөн төсвөө татуулахаас эхлээд сандал, ширээ, багш нарын цалин гээд олиггүй мэдээ түүнийг тайван суулгахаа больсон. МАН-ын хэсэг гишүүд ч үүн дээр нь дөрөөлөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан хариуцлага тооц гэж уриалж байгаа. Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт энэ хоёр намын уналттай ч холбоотой байж мэдэх юм. Ямартай ч намууд ч тэр ард түмэн ч тэр МАН хамтарч чаддаггүй гэдгийг хангалттай харлаа. Тэд дангаараа ч, хамтраад ч улсаа өөд нь татаж чадсангүй. Одоо үнэхээр гайхамшиг тохиодоггүй л юм бол тэдэнд бууж өгөх л үлдэж байх шив дээ.
Сэтгэгдэл үлдээх