Өнөөдрийн ҮБХ-ны хурал намын дүрмээ солих эсэх асуудлыг эхэлж хэлэлцээд араас нь дараагийн намын даргаа хэрхэн яаж сонгох вэ гэх дарааллаар явагдах байх. Хэрвээ намын дүрэмдээ өөрчлөлт оруулахгүйгээр хуучин дүрмээрээ намын даргаа сонгоно гэж үзэх юм бол өнөөдөр шинэ дарга тодорно. Харин С.Эрдэнийн үеийн хуучин дүрмээ шинэчилж түүнийхээ дагуу намын дарга сонгогдох дээр тохирвол дахиад хугацаа авах юм. Одоогийн намын дарга Лу.Гантөмөрийг дарга болгодог хуралд ҮБХ-ны 201 гишүүд цугларч 51 хувийн саналаар сонгогдож байсан. Өнөөдрийн хурал үүнээс илүү өргөн бүрэлдэхүүнтэй болох нь тодорхой. Одоогоор намын даргад долоон хүн нэр дэвших хандлагатай байгаа.
Боловсролтой, боловсролгүйгээрээ ялгарсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан нар эмэгтэйчүүдээ төлөөлж байгаа бол Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар залуучуудаа төлөөлж байна. Ч.Лодойсамбуу өнгөрсөн сонгуулиар намынхаа тод өнгө нь байж манлайлал хийх чадвартай гэдгээ харуулсан. Харин Ө.Шижирийн хувьд залуус УИХ-д орсон нь зөв байсан гэдгийг эхний жилдээ харуулж чадаж байгаа. Намын залуу гишүүдэд ганц тушаа болж байгаа зүйл нь намын даргад нэр дэвшигч ҮБХ-нд дөрвөн жил суусан байх ёстой гэх дүрэм. Гэхдээ дүрмийн шинэчлэлт хийж урагшаа харах цаг нь болсон гэдгийг Ардчилсан намын байгаа байдал хангалттай харуулж байгаа билээ.
Одоо хүчин төгөлдөр байгаа намын дүрмээр намдаа 10 жил, ҮБХ-нд 4 жил болсон байх ёстой
Ардчилсан намын ҮБХ 380 гаруй гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээр гишүүдийн олонхын саналаар уг даргаа сонгоно.
5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй”. “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна. Дүрмийн 5.12.2-т “… Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна”
Үлдсэн гурван нэр дэвшигч нь байдлыг ажин О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж нар юм. Хэвлэлд яриа өгч, цахим орчинд пост тавилгүй хэдийн намаа хайрцаглаж ил далд санал өгөх хүмүүс нь тодорхой гэсэн шиг нам жим оршиж байгаа. Одоогийн намын дүрэм энэ хоёр эрхэмд зориулагдсан мэт зохицож байгаа.
Б.Пүрэвдорж бизнесийнхний төлөө тод дугардаг. Намаа ч Ардын намын дарга сайд нарыг ч ил цагаан шүүмжилдэг хоржоонтой, хөгжөөнтэй гишүүдийн нэг.
Иргэд сонгогчид Ардчилсан намыг сөрөг хүчнээ хийж, ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөөсэй гэж горьдсоор
Ирэх сонгуульд Ардчилсан нам ялах эсэх нь энэ удаагийн даргын сонгууль шийднэ. Тэд хуучин тугаа барин сонгуульд үзээд алдах уу, эсвэл шинэ үеийн залуусаар манлайлуулж урагшаа харах уу. Хэрвээ сонгуульд ялъя гэж бодож байвал Ерөнхий сайдын хэмжээнд харизма, чадвартай хүн байх ёстой гэдгийг бас мартаж болохгүй. Одоогийн Ардчилсан намд бол иргэд хүчтэй сөрөг хүчин хийх шаардлагыг л тавьж байгаа. Тийм учраас шинэ намын даргад хариуцлага харьцангуй бага эрх баригчдыг шүүмжлэх ажлаа сайн хийж чадвал тодрох боломж нь байна гэсэн үг. Дараагийн дарга хэн байх вэ гэдгээс Ардчилсан намын ирээдүй шийдэгдэнэ. Унаж байсан Ардчилсан намыг Лу.Гантөмөр удирдаж эхэлснээр өнөөдрийн гудамд байсан намын гишүүдээ энд тэнд ажил, албатай болгож эрх баригчдын өөдөөс дуу гаргаж чадах хэмжээнд авчирсан. Түүнийг ажлаа муу хийсэн гэж шүүмжлэх, сайн хийсэн гэж магтах хоёрын алийг нь ч хүртэхгүй. Гэхдээ л унаж байсан Ардчилсан намыг өөд нь татах эхлэлийг тавьсан гавьяатай ажлаа өгөх нь ээ.
Сэтгэгдэл үлдээх