ChosunBiz | БНСУ-ын бүртгэлтэй хүн ам аажмаар буурч байгаа ч өрхийн тоо огцом нэмэгдэж байна. Үүнд ганц хүний өрхийн өсөлт голлон нөлөөлж байгаа бөгөөд ганц хүний өрхийн тоо өнгөрсөн онд анх удаа 10 саяыг давжээ.
Тус улсын Дотоод хэргийн яам өчигдөр буюу 8 сарын 27-нд иргэдийн амьдралын гол өөрчлөлтүүдийг багтаасан “2025 оны Захиргаа, аюулгүй байдлын статистикийн эмхэтгэл”-ийг танилцуулжээ. Тус эмхэтгэлд төрийн байгууллага, захиргааны удирдлага, дижитал засаглал, орон нутгийн удирдлага, орон нутгийн санхүү, аюулгүй байдлын бодлого, гамшгийн удирдлага зэрэг найман чиглэлээр нийт 327 төрлийн статистик багтжээ. Статистик нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарсан өгөгдөлд үндэслэсэн байна.
Өнгөрсөн оны байдлаар БНСУ-ын бүртгэлтэй хүн ам 51,217,221 болж тэмдэглэгдсэн бөгөөд 2019 онд хүн амын тоо 51,849,861 болж, дээд цэгтээ хүрснээс хойш тав дахь жилдээ дараалан буурч байна.
Харин өрхийн тоо өссөөр байгаа юм. Өнгөрсөн онд нийт өрхийн тоо 24,118,928-д хүрсэн нь таван жилийн өмнөхөөс ойролцоогоор 1.64 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ өсөлтөд ганц хүний өрхийн огцом нэмэгдэл голлох нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн онд ганц хүний өрхийн тоо 10,122,587-д хүрсэн нь таван жилийн өмнөхөөс ойролцоогоор 163 мянгаар өссөн байна.
Ганц хүний өрхийн тоо хамгийн өндөртэй бүс нутгуудад Сөүл болон Гёнги муж багтсан бол насны ангиллаар авч үзвэл 70, 60, 30 насныхан тэргүүлж байна.
Үүнд хөгшин настай хүмүүс ганцаараа амьдрах нь ихэссэн, залуу үеийнхэн (20-30 нас) гэрлэлтээ хойшлуулж, эцэг эхээсээ тусдаа, ганцаараа амьдрах болсон зэрэг нь нөлөөлжээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг дүгнэхдээ “Солонгос Улс өндөр настан давамгайлсан нийгэм болж, залуус амьдралын өртөг өндөр тул тусдаа гарахад бэрхшээлтэй байгааг харуулж байна. Ганцаараа амьдрах нь бие даасан байдал боловч ганцаардал, сэтгэлийн хямралыг дагуулдаг. Тиймээс төрийн зүгээс зөвхөн гэр бүл төвтэй биш, ганц өрхөд чиглэсэн сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай" гэж үзжээ.
Сүүлийн таван жилийн дундаж хүн амын тоог бүс нутгаар нь авч үзвэл Инчон, Сэжон, Гёнги, Чүннам мужийг эс тооцвол бүх аймаг, хотод буурсан байна. Харин аймаг, мужийн дундаж насыг харвал Жолланам муж 49.4 нас хүрснээр хамгийн өндөр үзүүлэлттэй байв. Харин Сэжон хот 39.4 насны дундажтайгаар хамгийн залуу хот болж, дараагийн залуу бүс нутаг болох Гёнгитэй (43.9 нас) харьцуулахад нэлээд ялгаатай үзүүлэлттэй байна.
Гадаад иргэдийн тоо ч мөн өссөн үзүүлэлттэй гарчээ.
2023 оны байдлаар БНСУ-д нийт 2,459,542 гадаадын оршин суугч бүртгэгдсэн нь нийт хүн амын 4.8 хувийг эзэлж, дээд амжилт тогтоожээ. Гадаадын иргэдийн эзлэх хувь Гёнги, Чүнбук, Инчон, Сөүлд өндөр байсан бол Пусан, Дэгү, Сэжон, Тэжон зэрэгт харьцангуй бага байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх