С.Бямбацогт: Х сар гэхэд "Эрдэнэт"-ийн овоолго ашигладаг компаниудын 34 хувийг, эсвэл түүнд дүйцэх АМНАТ-ийг авч эхэлнэ

.Graph
2025-08-27

Өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар танилцуулсан юм. 

ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт “Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын овоолгыг ашиглаж байгаа гурван үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагаатай танилцсан. Эрдэнэт үйлдвэрийг дагасан гурван хулгай байдаг гэх яриа бий. Нэг нь тендер, нөгөөх нь гэрээ, сүүлийнх нь овоолгын хулгай. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа сайжруулж, Засгийн газраас хяналт сайн тавьж байгаагийн үр дүнд тендерийн хулгай алга болсон. Өөрөөр хэлбэл, тендерийн худалдан авалтад хиймэл оюун ухаан ашиглаж, хүний оролцоог багасгаж өгсөн. Мөн уул уурхайн хуульд тодорхой өөрчлөл оруулж, биржээр арилжаа хийдэг болсноор гэрээний хулгай байхгүй болсон.

Одоо үлдсэн нэг асуудал бол “овоолгын хулгай”. 

Эрдэнэт үйлдвэрийн хаягдал гэж ярьдаг боловч энэ бол хаягдал биш. Харин балансын бус хүдэр бөгөөд дараа нь ашиглах зорилгоор хадгалдаг ордууд байгаа. Тодруулбал, 3 үүсмэл орд дээр 3 компани үйл ажиллагаа явуулж буй. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн овоолгын баялгаас ард түмэн биш, Эрдэнэт үйлдвэр биш харин нэг хэсэгхэн гэр бүл илүү ашиг хүртдэг болсон байна. Энэ овоолго гэж яриад байгаа исэлдсэн хүдэр бол хаягдал биш харин байгалийн баялаг. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд ашиглах “үүц”. 

Тиймээс дээрх овоолго дээр ажиллаж байгаа буюу үүсмэл ордыг ашиглаж байгаа компаниудтай уулзаж, Ажлын хэсэг байгуулаад байна. 

Тухайлбал, “Ачит ихт” ХХК 10 жилийн турш 100 мянган тонн зэс үйлдвэрлэн, 1.7 их наядын борлуулалт хийсэн. Гэтэл овоолго ашиглалтын төлбөр гэж Эрдэнэт үйлдвэрт ердөө 30 тэрбум төгрөг төлжээ. АМНАТ 5 хувь байсныг 2.5 хувь болгосон бөгөөд одоо үндсэндээ овоолгыг үнэгүй ашиглаж байна. Түүнчлэн “Зэс эрдэнийн хувь” ХХК сүүлийн хэдэн жил Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглаж байгаа бөгөөд туршилтын үйлдвэрлэл гэх нэрээр АМНАТ болон холбогдох татвар хураамжийг төлдөггүй. Үүнээс гадна “Эрдмин” ХХК гэж бий. Эдгээр үйл ажиллагаануудаас харахад Эрдэнэт үйлдвэрт “Овоолгын хулгай” байгаа гэж үзэж байна. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийг үүсмэл ордууд дээр эхний ээлжид хангуулна.

Үүсмэл ордууд ашиглаж байгаа компаниудын 34 хувийг, эсвэл түүнд дүйцэх АМНАТ-ийг авч эхэлнэ” хэмээн онцолсон юм. 

Уг ажлыг аравдугаар сард багтаан нэг талд нь гаргаж цэгцлэх бөгөөд “Баялагтаа эзэн Монгол” бодлогыг хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг амилуулна гэх шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe