Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур багана, хоёр зогсоолтой баригдана. Өнөөдрөөс тулгуур баганыг суурилуулж эхэллээ.
Эхний ээлжид суурилуулсан 20 метрийн өндөртэй тулгуур багана нь дээшээ 20 метр урттай ч газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан аж.
Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байгааг албаныхан онцолжээ.
Төслийн хамгийн өндөр тулгуур багана нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг хамтран гүйцэтгэж байгаа аж.
Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Тиймээс тулгуур багана болон бусад тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу Помагийн үйлдвэрээс бүрэн нийлүүлж буй гэнэ.
Дүүжин замын тээвэр төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх