Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд наймдугаар сарын 12-20-ны өдрийн хооронд 195 сургууль, 324 цэцэрлэгийн теле хяналтын камерын үзлэг шалгалтыг зохион байгуулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 камер ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийг шалгахад 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байв. Цэцэрлэгийн 6960 теле хяналтын камерыг шалгахад 312 камер ажиллагаагүй байсан бөгөөд нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг тус тус засварлуулж хэвийн ажиллагаатай болгожээ.
Мөн наймдугаар сарын 21-ний байдлаар нийт 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгасан. Энэ үеэр сургууль, цэцэрлэгүүдийн явган хүний зам эвдрэлтэй, хашаа стандартын бус, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн стандарт хангалтгүй, хог хаягдлын цэг битүүмжлэл алдагдсан, гол хаалганы шат, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг түгээмэл зөрчил илэрчээ.
Нийт 654 зөрчлийг илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулж байгаа аж.
2025 онд сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах зорилгоор нийслэлээс 66.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ болон 8 эмнэлэг засварлах, 20 уурын зуух шинэчлэх ажлыг эхлүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх