Барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам руу хөрсний усаа шахсанаар зам талбай усанд автаж байна

Ж.Номин
2025-08-21

Өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд олон цаг үргэлжилсэн их хэмжээний хур тунадас орж, хотын зарим зам талбай усанд автсан. Тухайлбал, Таван шар, Хүннү 2222, Вокзал, Сонгинохайрхан дүүргийн 32-р байрны орчимд ус тогтсон байна. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын мэргэжилтнүүд өчигдөр орой 20:00 цагийн орчимд Хүннү 2222 хотхоны баруун ард зам дээр ажиллан, бодит мэдээллийг иргэдэд хүргэжээ. 

Байршлыг тодруулбал, Хүннү 2022 хотхоны баруун ард буюу ногоон байгууламж сүйтгэн, хашаагаа сунгаж татсан “Номин реалтор” ХХК-ийн барилгын талбайн арын хэсгийн авто зам юм. Тус байршлын ус зайлуулах шугамыг “Суруга Монгол” ХХК  хийсэн бөгөөд 2023 онд ус тогтдоггүй байсан ч 2024 онд ус тогтож эхэлжээ. Ийнхүү тухайн үед Хотын дарга Х.Нямбаатар байршил дээр нь ажиллахад 2-3 байгууллага тус шугамыг таслан, борооны усаа шавхаж байсан аж. Иймээс тус байршилд 2026 ондоо багтан дахин гаргалгаа гаргахаар зураг төлөвлөсөн гэнэ.

Ганц уг байршлаар ч тогтохгүй нийслэлийн авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд, ялангуяа шинээр баригдаж байгаа барилгууд хөрсний усаа шахах асуудал их гардаг. Үүний улмаас борооны ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй болдог аж. 

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.

Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа.

2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 байршилд 21 км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил юм. Барилгын компаниуд сэтгэлгүй байна. Гадаадад бол барилгын компаниуд нь тусад нь зураг гаргаж, хотын захиргаанаасаа зөвшөөрөл авч, ган хоолойгоор шинэ трасс гарган борооны усаа зайлуулдаг. Гэтэл манайд бол бараг бүх барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам руу хөрсний усаа хаяж байна” хэмээн халагласан юм. 

Ташрамд, нийслэлийн хэмжээнд Нарны гүүрний урд тал, Энхтайваны гүүрний дор, Ажилчдын гудамж, Саппоро зэрэг их хэмжээгээр ус тогтдог байсан 24 байршилд үе шаттай ус зайлуулах шугам угсарч байгаа. Ирэх жил ус их ихээр тогтдог үлдсэн байршлуудын шугам угсралтын ажлыг дуусгах аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe