“Caught in Providence” буюу “Провиденст баригдсан нь” нэвтрүүлгийн од, "дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч" Фрэнк Каприо 88 насандаа нойр булчирхайн хорт хавдраар таалал төгслөө.
Тэр АНУ-ын Род-Айленд мужийн Провиденс хотын шүүхийн Ерөнхий шүүгчээр 1985 оноос эхлэн 2023 онд тэтгэвэртээ гарах хүртэл, 38 жилийн турш ажиллажээ.
Ажиллах хугацаандаа “Caught in Providence” нэвтрүүлгээр дэлхийн сая сая үзэгчдийн дунд алдаршиж, шүүхийн танхимыг зөвхөн шийтгэлийн газар биш, энэрэнгүй, хүмүүнлэг харилцааны орон зай болгож чадсан.
Нэвтрүүлгийн үзэгчид түүнийг “дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч” гэдэг байв.
Энэхүү тодотголыг хүртэх болсон шалтгаан бол эрүү, иргэний хүнд хэргүүд бус захиргааны болон бусад зөрчлүүдийг хатуу хууль тогтоомжийг баримтлахаас илүүтэй хүний хувийн байдал, хүндрэл бэрхшээлийг ойлгон уян хатан шийддэг байсантай холбоотой.
Түүний шийдвэрлэдэг байсан захиргааны хэрэг гэдэгт машинаа буруу байрлуулсан, төлбөрөө төлөөгүй эсвэл цаг хэтрүүлсэн, улаан гэрлээр зорчсон, хурд хэтрүүлсэн, машины бүртгэл шинэчлээгүй, жолооны үнэмлэх хугацаа дууссан эсвэл татвараа төлөөгүй байсан зэрэг тохиолдлууд ордог.
Тухайлбал, 2018 онд өндөр настай эмэгтэй машинаа буруу байрлуулснаас үүдэн торгуулийн хуудас авсан ба эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ хүнд амьдралтай тухайгаа шүүх танхимд хуваалцахад, торгуулийг нь бүрэн цуцалж байсан билээ.
Шүүгч агсан өөрийн амьдралын түүхээ буулган энэ онд хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон “Compassion in the Court: Life-Changing Stories from America’s Nicest Judge” номдоо ийнхүү тэмдэглэжээ.
Аав минь миний мөрөн дээр гараа тавиад, “Чи ирээдүйд хуульч болно. Чи сайн ярьдаг, хуульч болохоор төрсөн. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Бидэн шиг ядуу хүмүүсээс мөнгө нэхэж болохгүй. Харин төлж чадах хангалттай чинээлэг хүмүүс байж л таараа” хэмээсэн. Энэ үг миний амьдралын эргэлтийн цэгүүдийн нэг байлаа.
Фрэнк Каприо 1936 онд Род-Айленд мужийн Провиденс хотод төрж өссөн бөгөөд түүний эцэг эх нь Италиас цагаачлан ирсэн хүмүүс байжээ.
Түүний дурсгалд зориулан Род-Айлендын захирагч Дан МакКи "Род-Айлендын үнэт эрдэнэ" хэмээн онцлоод, муж даяар төрийн далбаагаа хагас мандуулан түүний амьдрал, гавьяаг алдаршуулан хүндэтгэх шийдвэр гаргасан байна.
Цахим сүлжээнд энэ сарын 20-нд гэр бүлийнхэн нь түүнийг таалал төгссөн тухай мэдэгдсэн даруй түүнийг хүндэтгэн гашуудсан, бахархан дурссан сэтгэгдлүүд дэлхий дахинаа хөвөрсөөр байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх