Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгохыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар дэмжлээ.
Одоогоор хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг.
Ийнхүү нөхөн олговрын үүрэг гүйцэтгэгчид олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах саналыг боловсруулах бэлтгэл ажлыг хийхийг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.
Хуралдаанаар мөн бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцсэн байна.
Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгахыг дэмжжээ.
Сэтгэгдэл үлдээх