Бишрэлт металл: Э.Саруул-Эрдэнэ гэрээний нөхцөл болон үнийн дүнгийн нууцлалыг эсрэг багт задруулсан

.Graph
2025-08-15

Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025-2026 оны тэмцээн ирэх 10 дугаар сарын 1-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор багуудын дунд хөдөлгөөн орж, тамирчид багаа сэлгэж, чөлөөт агент болж буй. Энэ талаарх мэдээллүүд сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дунд багагүй шуугиан дэгдээж, хүлээлт үүсгээд буй. 

Өчигдөр буюу 8 сарын 14-ны 16:38 цагт Хасын хүлэгүүд багийн тамирчид Э.Саруул-Эрдэнэ Бишрэлт Металл багт нэгдэж байгаа талаар Бишрэлт Металл баг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Гэтэл SG Apes багийн албан ёсны цахим хуудаснаас тус өдрийн 17:48 цагт Э.Саруул-Эрдэнэтэй 3 жилийн тамирчны гэрээг албан ёсоор байгуулж багтаа нэгтгэсэн талаар мөн мэдээлжээ. 

Уг үйл явдал сагсан бөмбөг сонирхогчдын дунд багагүй маргаан, мэтгэлцээн, гайхширлыг түрүүлээд амжсан. 

Түүнчлэн SG Apes багийн гүйцэтгэх захирал О.Мөнхжин “Металл Саруулыг Хүлэгүүдтэй гэрээтэй байхад нь дуудаж ятгаад Хүлэгүүдээс гарвал Металлд орно гэсэн албан ёсны гэрээ биш, хамтын ойлголцол юм уу даа “MOU” зуруулсан юм байх аа. 2025 оны 8 сарын 7-ны өдөр албан ёсоор FREE AGENT болсных нь дараа Эйпс Саруултай холбогдож, саналаа тавьж АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭГ байгуулав. Мөн тамирчны шилжих хуудас Хүлэгүүдээс Эйпст ирэв. Эйпс цалингаа ч тавьсан юм шүү. АЛБАН ЁСНЫ БАГ НЬ ЭЙПС ЮМ! Жич: Эйпс Металлаас бага цалин санал болгосон! Металл жил бүр ийм асуудал гаргахаа болимоор байна. За тэгээд Холбооны дүрэм журам, цаашлаад Арбитрын шүүхээрээ шийдүүлье. Саруул багтайгаа бэлтгэлд гарсан” хэмээн тайлбар хийсэн. 

Тэгвэл өнөөдөр Бишрэлт металл багийн зүгээс Э.Саруул-Эрдэнэтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд “Лигийн тамирчин Э.Саруул-Эрдэнэ манай багтай харилцан тохиролцож, 2 жилийн тоглогчийн болон нууцын гэрээ байгуулсны дараа дахин өөр багтай гэрээ байгуулсан талаар мэдээлэл сошиал орчинд цацагджээ. Тэрээр өөрийн хүсэлтээр манай багтай гэрээ байгуулж, албан ёсоор баталгаажуулсан юм.

Аливаа тамирчин аль багийг сонгох нь тамирчны өөрийн эрх боловч гэрээний нөхцөл болон үнийн дүнгийн нууцлалыг нөгөө багийн удирдлагад задруулсан нь Монгол Улсын хуулийг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох гэсэн оролдлого бөгөөд энэ нь мэргэжлийн тамирчны нэр хүндийг унагаж, сагсан бөмбөгийн спортын хөгжил, тамирчдын зөв төлөвшил, олон нийтэд үлгэрлэн манлайлаг үүрэгтэй харшилж байна.

Уг асуудлыг эв зүйгээр, тамирчны эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхэд бэлэн байгаа боловч шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомж, байгуулсан гэрээний хүрээнд гомдол гаргаж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно” хэмээжээ. 

Мөн түүнийг сагсан бөмбөг сонирхогчдоос албан ёсоор уучлал хүсэж, үүссэн үл ойлголцлыг арилгахыг шаарджээ. 

Тус мэдэгдлийн хамт 2025 оны 7 сарын 7-нд Э.Саруул-Эрдэнэтэй байгуулсан нууцын давхар баталгаа, гэрээний баталгааг хавсаргасан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe