Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна. Тус зам нь Налайхын авто замын эхлэл буюу Баянзүрхийн хуучин гүүрнээс Дархан руу салдаг тойрог хүртэл үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг бөгөөд уг замыг барих тендерт өнгөрсөн 7 сарын 23-нд Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулаад удаагүй байгаа юм.
Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9,878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннелтэй байхаар төлөвлөсөн.
Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, шинэлэг архитектурын өнгө төрхтэйгөөр орчин үеийн стандартаар барих цогц авто замын төсөл аж.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна.
Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.
Сэтгэгдэл үлдээх