Өмнөд Солонгосын шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Юн Сук Ёолын эхнэр хувьцааны наймаа, хээл хахууль зэрэг олон хэргээр баривчлагджээ. Мягмар гарагт Сөүл хотод дөрвөн цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи өөрийг нь буруутгаж буй бүх хэргийг үгүйсгэсэн юм. Гэвч шүүх түүнийг нотлох баримтыг устгаж болзошгүй хэмээн үзэж цагдан хорих шийдвэр гаргажээ.
Өмнөд Солонгост Ерөнхийлөгч нар яллагдагчаар татагдаж, шоронд хоригдож байсан түүх бий. Гэхдээ энэ нь ерөнхийлөгч асан, тэргүүн хатагтай хоёр хоёулаа шоронд хоригдож байгаа анхны тохиолдол юм.
Тэрээр мягмар гарагт сэтгүүлчдэд "хүмүүсийн санааг зовоосон хэн ч биш нэгэн” хэмээн өөрийгөө тодорхойлж, уучлалт хүссэн байна. Ким Кён Хи 2009-2012 онд Өмнөд Солонгос дахь BMW-ийн дилер “Deutsch Motors”-ын хувьцааны үнийг өөрчлөх хуйвалдаанд оролцсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон, бизнесийн давуу тал олгосныхоо хариуд Эв нэгдлийн сүмээс нэгэн бөөгөөр дамжуулан тансаг бэлгүүд авсан хэргүүдэд буруутгагдаж байгаа юм.
Тусгай прокурорын мөрдөн байцаалтын ажиллагааны дүнд тэргүүн хатагтай асныг нийт 16 эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд үүний дотор хурдны замын эцсийн цэгийг Сөүлээс зүүн зүгт орших Янпён дахь гэр бүлийнхээ газар эзэмшилд хүргэж өөрчилсөн, мөн түүний гэр бүл тус хот дахь орон сууцны барилгын төслөөс давуу эрх олж авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.
Ким Кён Хиг анх нийслэлээс өмнө зүгт орших Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд аваачихаар төлөвлөж байсан боловч тусгай прокурорууд Сөүлийн өмнөд хорих төвд хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.
Сэтгэгдэл үлдээх