35 жил гацсан “ТЭЦ 5” станц барих компанийг шалгаруулах тендер үргэлжилж байна. Анх 8 компани өрсөлдсөнөөс 2 компани тунаж үлдсэн.
Өнгөц харахад тэр ажил хэнд хамаатай юм гэх тэрслүү бодол төрөхийг таахын ялдамд дараахыг нурших учир байна.
Зургаар үзэх бол энд дарна уу.
Улсаараа тогоо таслуулж, муугаа үзсэн хэдэн жил хөвөрлөө. Үндэсний хэмжээний ганц том уул уурхайн төсөл “Оюутолгой” урд айлаас жилдээ 1,3 тэрбум Квт/ц буюу мөнгөн дүнгээр 300-400 тэрбум төгрөгийн эрчим хүчийг импортлоод, даруй 11 жил өнгөрсөн.
Багцаалахад, 3.3 их наядын эрчим хүчийг Өвөрмонголоос авчээ. Авсан нэртэй ч цацсан мөнгөө, түүний алдагдсан боломжийн өртгийг сануулах нь илүүц.
Энэ зуур хэд хэдэн удаа эхлүүлэх гэж “үзсэн” Тавдугаар цахилгаан станцын тендер “үл үзэгдэгч” шалтгааны улмаас өнөөдрийг болтол цаасан дээрээ үлдсэн. Одоо ч “үзээтэй” хэвээр.
Гэтэл өрх тусгаар Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэл, хөгжлийн гараа эрчим хүчээр ангаж, цангаж байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.
Энэ төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцэж, богино жагсаалтад гурван оролцогч багтаад байсан.
Эдгээрээс “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК заасан хугацаанд багтаан төслийн саналаа ирүүлжээ.
Төсөвт өртөг 685 сая доллар. Үргэлжлэх хугацаа 30 сар буюу 2028 онд ашиглалатда оруулахаар төлөвлөлсөн. Бүтээн байгуулалтын өртгийг дараах байдлаар санхүүжүүлнэ.
Үзээтэй гэсний учир Тавантолгой ДЦС-ын тендерээс хасагдаж, шүүхээр маргаж байсан цаасан компани Митайм энэ тоглоомд “ханцуйны хөзөр” болон ноёллоо.
Моннисын охин компани “Майнс ап ХХК” Ми Тайм ХХК-ийг цаасан дээрх хуурамч компани гэж заргалдаж асан нь хэвлэлийн хуудсанд тодхон үлдсэн нь саяхан.
Митайм ХХК нь 2023 онд Тавантолгой ДЦС-ийн тендерт оролцон үндсэний компани болох Моннистой өрсөлдөж байв. Энэ хоёр компанийн өрсөлдөөн Моннисын Сангийн яаманд гаргасан гомдол шүүх хүртэл “дэвшин” цуцлагдсан байдаг.
Ийнхүү монголчуудын мөрөөдөл Тавдугаар цахилгаан станцын бүтэлд нэмэгдсэн нэг садаа болж үлдсэн түүх бий. Энэ хувь тавилан давтагдах сэжим буй юм.
Тухайн үеийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр ч уг албан тушаалд заларч буй. Ихэрлэсэн “де жа ву” болвоос ийнхүү тодорч, Ми Тайм болон Б.Чойжилсүрэн гэх хоршил мэддэг нэгнийх нь зүрхийг зүсэв.
2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2024/0573 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад тус компанийн борлуулалтын орлогын нийлбэр тендерийн шаардлагад хүрээгүй, сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан илрүүлэх ёстой атал 2018 оны санхүүгийн тайлан байгаагүй, цахилгаан станц барих туршлага, боловсон хүчингүй байгаа зэрэг байдал нотлогдоод байхад яагаад тус компанийг тус тендрийн ялагчаар шалгаруулах болов гэдэг асуудлыг олны анхааралд хүргэх шалтгаан болж байна. Товчхондоо, Эрчим хүчний сайд яагаад тус компанийг илтэд өмөөрч тайлбар өгдөг вэ?
Тендерийг сонгон шалгаруулж, Митайм Интернэйшнл ХХК-тай гэрээ байгуулахаар болсон ч Сангийн яаманд наймдугаар сарын 22-ны өдөр Тавантолгой ДЦС-тай холбоотой нэгэн гомдол иржээ. Тус гомдлыг тендерт өрсөлдсөн Моннис компанийн охин компани болох Майнс ап ХХК-аас гаргасан байна. Тодруулбал, уг гомдлыг гурван үндэслэлээр гаргажээ.
Нэг. Цаасан дээрх компани шалгаруулсан
Компанийг судалж үзвэл, мөнгө угааж, залилан хийдэг байж болзошгүй байна гэжээ.
Хоёр. Хөрөнгөө хэрхэн босгох талаар бүрэн судлаагүй
Улсын хэмжээний том төсөл учир санхүүжилт ил тод, цэвэр байх ёстойг дурдаад Митайм Интернэйшнл ХХК энэхүү том төсөлд шалгарч их хэмжээний мөнгийг санхүүжилт хэлбэрээр оруулж ирэн мөнгө угаах эрсдэлтэй гэжээ. Ингэснээр манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад ч орох эрсдэлтэй юм.
Гурав. Тендерийн бичиг баримт нь үндсэн шаардлагыг хангаагүй
Митайм Интернэйшнл ХХК нь тендерт дангаар оролцсон бөгөөд туслан гүйцэтгэгч компанийг тендерийн оролцогч гэж тооцдоггүй аж. Гэтэл дангаар оролцож буй тус компани нь санхүүгийн чадварын хувьд, ажиллах хүчний хувьд, техникийн чадавхын хувьд шаардлага хангаагүй байх магадлалтай гэсэн гурван гол үндэслэлээр гомдол гаргасан байна.
Шүүхээс зуун задгай, жаран хагархайг нь нотолж асан Камбож компани 2 жилийн дотор бэхжээд, олон төсөл хэрэгжүүлээд, туршлага хуримтлуулаад, ДЦС барих хэмжээний бүх болзол нөхцлийг хангатлаа хөрөнгөжсөн байна гэхэд хүн итгэмгүй.
Харин эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн амаар өмгөөлөн хамгаалж, өндөлзөж явсанд учир бий гэхэд дөхөм санагдах…
Дэмжлэг, татаас бүхий олсоор эх орны төслийг дэгээдэн, чадамжгүй компаниар улсаа боомилуулах вий. Танил тактик давтагдаад байна шүү, шалгаарай та минь ээ!
Сэтгэгдэл үлдээх
Хүүеэ ямар балай компани вэ? үндэсний компаниа дэмжвэл яадаг юм бэ? Юун камбож нтр вэ арай2
Сондор
Дэмжих үү?
0 0