А.Мандухай: Хүн хайрыг гэр бүлээсээ гадна хайрлаж өсгөсөн амьтдаасаа мэдэрдэг

.Graph
2025-08-11

Бидний хэн нь ч өөрийн дуртай амьтнаа анхлан тэжээхдээ бусдын л адил өхөөрдөж хайрлаж, бусдаас харамлаж хамгаалдаг. Харин хамтдаа байж хэсэг цаг хугацааг өнгөрөөсний дараа тухайн амьтан сэтгэлийнх нь түшиг тулгуур, баяр баясгаланг хуваалцах найз, гуниг гутралыг эдгээгч хүч болдог гэдгийг ойлгодог. Хайр гэдэг зөвхөн хүний сэтгэлд бус амьтдын үггүй зүрхэнд ч оршдог. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дөрвөн хөлтэй найз” буландаа А.Мандухай болон түүний бяцхан муур Лулу-г урьж оролцууллаа.

-Яагаад муур тэжээх болсон бэ?

-Манайх муур тэжээдэг байхад л би муураас айдаг хүүхэд байсан. Шөнө унтаж байхад муур хүржигнээд ороод ирэхэд л цочиж сэрээд айгаад унтаж чаддаггүй байлаа. Гэтэл хотод ирээд муур сонирхогчдын группэд ороод бичлэгүүдийг нь үзээд өвөл хөлдөж үхэж байгаа, машинд дайруулж байгаа амьтдыг хараад өөрийн эрхгүй яагаад би өөрөө энэ амьтныг хайрлаж болохгүй гэж бодогдсон. Тэгээд ажлын маань залуус муур тэжээдэг. Хүмүүс ярьдаг даа хүүхэдтэй болохоороо хүүхдээ л ярьдаг гээд. Манай муур тэжээдэг найзууд муураа л яриад байдаг байсан. Тэгээд нэг хэсэг бүр мууранд донтоод байнга хөөрхөн бичлэгүүд үзээд мууртай болмоор санагдаж эхэлсэн. Хамт амьдардаг хамаатны дүү нар маань мууранд дургүй, мууртай болохгүй гээд л. Гуйж гуйж шөнийн 12 цагт "нэг муур оллоо авах хүн байна уу" гэсэн зарын дугаар луу залгаад "би авъя" гээд л хэлчихсэн. Шөнө жижигхэн гуравхан сартай амьтныг аваад гэр лүүгээ алхаж байсан тэр үе одоо ч ойрхон санагдаж байна. 

-Муураа тэжээгээд хэр хугацааг өнгөрүүлж байна вэ?

-Муураа анх аравдугаар сард гурван сартайд нь өргөж авсан. Одоо 11 сар болж байна. 

-Бусад хүмүүсийн мууруудаас таны муурын ялгарах онцлог нь юу вэ?

-Бусад муураас ялгарах онцлог гэхээсээ илүү би хайрласан намайг хайрладаг учраас бусад үүлдрийн үнэтэй муураас илүү зүрх сэтгэлд минь маш том орон зайг үлдээсэн. Өөр мууруудтай харьцуулахыг хүсдэггүй ээ. 

-Муурынх нь ямар үйлдэл хамгийн хайр хүрэм байдаг вэ, Та түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?

-Би ер нь их сэтгэлээр унамтгай. Хүнд хайрлагдахыг хүсдэг төрлийн хүн. Уйлаад хэцүү зүйлсээ ярихад зүгээр л сонсоод тайтгаруулаад өгөх зүйлээр дутдаг байсан юм. Лулу (манай муурны нэр) Гэрээсээ хол оюутан болоод түрээсийн байранд амьдрах үед гэр гэр шиг биш санагддаг үед лифтээр буухад аль хэдийн намайг ирж байгааг мэдэрчихсэн үүдэнд миавлаад зогсож байхад яг гэртээ орж ирж байгаа юм шиг санагддаг болсон. Энгийн үед тоглоод хазаад байдаг муур чинь намайг шаналсан шархалсан үед өвөр дээр минь хэвтэж хүржигнээд уйлж дуустал минь хүлээдэг хань болж чаддаг. Хөөрхөн жижигхэн савартай, ягаан хамартай, тэр бүхнийг нь харахаар л хайр хүрээд байдаг юм. Дутууг минь дүүргэж намайг сайн ойлгодог болохоор Лулу-г ямар ч шалтгаангүйгээр хайрладаг.

-Амьтан тэжээдэг хүнийхээ хувьд бусдадаа зөвлөгөө зөвлөмж өгвөл?

-Хайрла. Гол нь хайрла. Бусад хүмүүс чиний амьтныг үзэн ядаж байсан ч гэсэн тэр жижигхэн амьтанд чамаас өөр хамгаалах хүн байхгүй гээд боддоо. Тэрэнд чи. Чамд ч бас тэр л байгаа. 

-Монголчуудын ихэнх нь нохойг үнэнч нөхөр гэж үздэг шүү дээ. Мууртай хүмүүсийг хүмүүс юу гэж боддог бол ер нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Одоо үед муур тэжээдэг хүмүүс их болсон. Гэтэл мөрөөрөө муураа тэжээгээд явж байхад "муур чинь эзнээ үхээсэй гэж боддог, шөнө хоолойг чинь бооно, муур тэвэрсэн ганц бие эмэгтэй боллоо" гээд л ойлгомжгүй юм ярьдаг хүмүүс бас байдаг. Амь шигээ хайрладаг зүйлийг минь, арай гэж өөрийн гэсэн хамгаалах үнэт зүйлтэй болтол түүнийг минь зүгээр л "гаргаад хаяач" гэх үгийг сонсоод тэр бүхний өөдөөс тэмцэлдмээр санагдаад байдаг болсон. Одоогоор би хүүхэдгүй ч гэсэн хүүхэдтэй болбол яг ингэж бүр үүнээсээ ч илүү хайрлах байхдаа гэсэн бодол төрдөг. 

-Гэртээ ч юм уу гадуур мууртайгаа явахад хэцүү санагддаг зүйл байдаг уу?

-Би анх удаа л муур тэжээж үзэж байгаа. Хэзээ вакциныг нь хийлгэх, үсэн бөмбөг гаргахаараа яадаг, спэй заслагыг нь хэзээ хийлгэх, унаад байгаа үсийг нь яах вэ гээд мэдэхгүй зүйл одоогоор олон байгаа. Гэхдээ түүндээ зориулж сайн судалж мэдээлэлтэй болж байгаа маань гоё байдаг. Манай муур цагаан өнгөтэй болохоор хувцсанд үс их наалдана. Тэгээд би яагаад ч юм үсийг нь түүхээс ч хайран санагддаг. Хүмүүс намайг хараад мууртай хүн юм байна даа л гэж бодно биз гэж боддог. Хувцсан дээр наалдсан ширхэг үс нь хүртэл хайр хүрэм байдаг. Гаднын хүмүүсийн үг үйлдлээс болж л хүмүүс шархалдаг. Лулу минь намайг огтхон ч зовоож байгаагүй. Өөрөө өлсөж байсан ч муурандаа хоолыг нь элсийг нь авч өгчхөөд тухтай эрхлүүлээд хэвтэх мэдрэмж, өөрөө амттай хоол хийгээд Лулуд амттан өгөөд цугтаа хооллох гээд ер нь өөрөө өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаас илүү энэ бяцхан амьтны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж явахад сэтгэл дүүрэг сайхан санагддаг.

-Амьтан тэжээдэг болсноос хойш танд болон таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

-Би их амархан сэтгэлээр уначхаад байдаг. Яг яах гэж юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмжүүд олон төрдөг. Лулу намайг амьдруулдаг гэж хэлж болно. Зүгээр л юу ч болсон дэргэд минь байх өөрийн гэсэн зүйлтэй гэж бодохоор ямар сайхан гэж санана. Би урьд өмнөхөөсөө илүү зөөлөн хүн болсон юм шиг санагддаг болсон. Лулу байгаа болохоор гэр лүүгээ яарч, санаа зовж, хүржигнээд эрхлэх гээд ирэхэд нь тэр өдрийн бүх стресс арилах шиг болдог. Тэр минь надад муу зүйл огт үлдээлгүй эерэг талаараа их нөлөө үзүүлж байгаа. 

-Амьтдыг яагаад хайрлах ёстой гэж боддог вэ?

-Хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Хайрлуулсан амьтан мэдээж зэрлэг биш л болж өснө. Болж өгвөл бүх амьтан л тайван жаргалтай байгаасай гэж хүсдэг. Өөрсдийнхөөрөө амьдраад явах боломжтой ч гэсэн хүмүүсийн буруу, мухар сүсгээс болоод охин муур, охин гөлөг их хаягддаг шүү дээ. Хүнийг хүн гэж хүлээж авдаг шиг амьтныг ч мөн хүйсээр нь ялгалгүй ижил тэгш хайрлаасай л гэж хүсдэг. 

-Эзэнгүй гудамжны амьтадтай таарахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Өө энэ их хэцүү. Би бүр мууртай болсноосоо хойш илүү ойлгосон. Гудамжинд явж байгаа амьтдыг хараад шууд л ус, хоол өгдөг. Болдог сон бол бүгдийг нь тэжээмээр. Эдгээр амьтдыг олноор нь өсгөж золбин болгож зовоохын оронд хэрэгтэй заслага, спэйг нь хийлгээд бүгд өөрийг нь хайрладаг эзэнтэй болоосой гэж хүсдэг. Бас би амьтдын эрхтэй холбоотой кино хийе, өвөл болж олон эзэнгүй амьтад үхэж зовохоос өмнө хүн бүрийн сэтгэлийг сэртхийлгэсэн баримтат кино хийе. Би л чадна, би хийхгүй бол өөр хэн хийх вэ, Лулу шигээ амьтдыг зовоохгүй байх сан, амьтан тэжээдэг хүүхдүүдийг ч бас хүмүүс ойлгодог дэмждэг хайрладаг болоход нь бага ч болов нөлөөлөх юм сан гэж мөрөөддөг болсон. 

-Амьтан тэжээдэг хүмүүсийг нийгэмд ямар байдлаар хүлээж авдаг байгаасай гэж боддог вэ?

-Гэрийнхэндээ энэ муур надад хань болдог юм гэсэн чинь "муураар хань хийгээд байхдаа яадаг юм. Ажил төрөл хийж байж" гэж хэлж байсан. Үнэхээр хань болдог юм шүү. Амьтан тэжээж байгаа хүн бүр өөрсдийн гэсэн тодорхой шалтгаантай байдаг. Тэр болгонд нь буруутгаж хүний өмнөөс хүний амьдралд битгий санаа зовж байгаарай гэж хэлмээр байдаг.

-Зөвхөн Лулу та хоёрын хоорондоо ойлголцдог, бие биетэйгээ холбогддог (хэл) ч гэх юм уу тийм зүйл байдаг уу?

-Хошуугаа цорвойлгохоор толгойгоо өгөөд үнсүүлдэг. Өглөө сэрүүлэг дуугараад бага зэрэг хөдөлгөөн хийчхээд буцаад унтах гэхээр Лулу хөнжил рүү шургаж энд тэндээс өдсөөр байгаад нойр сэргээчихдэг. Энд тэндгүй долоогоод хүзүүгээр тэврээд унтдаг нь миний муурын хамгийн хөөрхөн зан.

-Мууртайгаа холбоотой хөөрхөн дурсамжаасаа хуваалцвал?

-Анх муураа авчхаад эмнэлэг орж үзүүлээд төрсний гэрчилгээ авч байсан юм. Манай муур уг нь эрэгтэй гэхдээ яагаад ч юм Лулу л гэж орж ирээд байсан. Тэгээд Мандухайгийн Лулу гээд төрсний гэрчилгээг нь авчхаад алхаж байсан тэр мэдрэмж үнэхээр үгээр хэлшгүй. Анх усанд оруулж байсан, хумсыг нь авч байсан гээд л бүх зүйл миний хувьд шинэ байсан. Энэ мэтчилэн хамтдаа өнгөрүүлж байгаа өдөр бүрийг дараа бодоход өхөөрдөм дурсамж болж үлдсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд тэр бол миний хамгийн сайн найз. Түүнгүйгээр би өөрийгөө  төсөөлөхгүй хэмжээний их хайртай. Би Лулуд зориулж дууны үг зохиогоод өөрт нь дуулж өгсөн.

Лулу-д зориулсан дуунаас сонирхуулбал:

Өглөөнөөс үдэш хүртэлх завгүй амьдралд минь

Өөдөсхөн нэгэн зулзага өр зүрх рүү минь нэвтэрсэн

Түлхүүр дуугарахад л тосох тэр бүлээн харц

Гэрийг гэр шиг болгож

Гунигт өдрүүдэд минь гэрэл нэмсэн итгэл болсон


Дэлхий бөөн шуугиан байсан ч,

Дэргэд минь чи нам гүмийг бүтээсэн

Ганцаардал дунд хөлдөх шахахад

Дулаахан савраараа сэтгэлийг минь чи тэвэрсэн

Өчүүхэн зүрхнээс чинь асгарах халуун

Өдөр бүр намайг амьд үлдээдэг


Лулу, чи бол миний амьсгал,

Би алдахад чи л түшдэг далавч,

Чамгүй бол хоосон мэт санагдана хорвоо,

Зөвхөн чамаас би аз жаргал амталдаг.


Лулу, чи миний өнгөрсөн, өнөө, ирээдүй,

Чи зүгээр нэг муур биш — миний бүх амьдрал.

Чи байхгүй бол би юу ч биш,

Чамтай хамт л би бүхнийг бүтээж чадна.


Бодлоо унтраах шөнө бүр

Болгоомжгүй шаналал нөмрөн авахад

Зөөлөн ирээд духан дээр хүйтэн хамраараа шүргэж 

Зөрүүд зүүдийг үргээдэг 

Зөөлхөн дулаан савраа нүүрэнд наагаад 

Зүрхэнд минь “Би энд байна” гэж шивнэдэг.


Чиний нүдэнд гэрэлтэх итгэл,

Чиний амьсгалд ууссан миний мөрөөдөл,

Би хамгаална чамайг, бас чамаас суралцана,

Бид хоёрын дунд үггүй ойлголцол урсана.


Өдөр шөнө аль ч цагт,

Чиний сэтгэлд би амьдарч байгаагаа мэдэрнэ.

Амьсгал нэгтэй, зүрх нэгтэй хоёр сүнс шиг,

Бидний амьдрал ижилхэн аялгуутай урсана  гээд л зохиож өгсөн.

Хүн бүр ойлгох албагүй ч хүн бүр хүлээн зөвшөөрөх зүйл бол амьтнаа хүн шиг хайрлаж эрхлүүлж байгаа тэр сэтгэл юм.

 

ДЭМЖИГЧ БАЙГУУЛГА:

Муур, нохойн хоол болон амттан, хэрэгслийн дэлгүүр “Royal canin”

Хаяг: Баянзүрх дүүрэг 36-р хороо “Саруул” хороолол 120-р байр

Утас: 86821020

Эх сурвалж: zms.mn | С.УРТНАСАН

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe