Г.Амартүвшин: Төрийн өмчийн компаниуд зардлаа танах ёстой

Г.Энэбиш
2025-08-08

"Гал алдаад" буй эрчим хүчний салбарт "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ямар оролцоотой байх талаар тус компанийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбар “галтай” байна. Эхний ээлжид үнээ нэмээд авсан. Энэ өөрчлөлтөөр гал намжив уу, өөр юуг өөрчлөх вэ?

-Зөвхөн цахилгааны үнэ нэмсэн. Дулааны үнэ нэмэхийг бол хойшлуулчихсан шүү дээ.

Мэдээж иргэдийн түрийвчтэй шууд ярьж байгаа учраас хэнд ч таалагдаагүй нь ойлгомжтой.

Гэхдээ нөгөө талаас олон жил хиймлээр тарифаа барьсан. Үүнээс болоод энэ салбар чинь тэр чигтээ ашиггүй ажилладаг. Ашиггүй салбарт хэн ч хөрөнгө оруулдаггүй.

Ийм байдалтай олон жил явсаар байгаад үр дагаварт нь харамсалтай осол гарсан. 10, 20, 30, 40 жил зогсолтгүй ажиллаж байгаа зуухнуудын хувьд асуудал үүсэж л байгаа байхгүй юу.

Нөгөө талаас тариф нэмлээ гэдэг бол компаниудын борлуулалт өссөн гэсэн үг.

Одоо компаниуд зардлаа танах ёстой.

Орон тоо, бүтцээ цомхон, оновчтой болгох үргүй зардлуудаа таслан зогсоох, худалдан авалт хийх юм бол компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлдөг худалдан авалт хийх хэрэгтэй. Жишээлбэл төрийн өмчийн компаниуд маш их хэмжээгээр  бараа материал нөөцөлчихдөг. Тэр нь олон жилийн дараа чанар нь мууддаг ч юм уу байхгүй болдог.

2024 оны санхүүгийн тайлангаас харахад “Эрчист Монгол”-ын харьяанд байгаа компаниуд 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байгаа юм. Энэ чинь бас л их мөнгө шүү дээ.

Тэгэхээр одоо Эрчист Монгол эдгээр компаниудын санхүүгийн тайланг аваад, дүн шинжилгээ хийж байна. Борлуулалтын орлого, маржин, ашиг нь хэд юм, өөрийн хөрөнгийн өгөөж нь хэд юм? Үүнийг бид яаж сайжруулах ёстой юм бэ гэдэг нь гол зорилго.

Хоёрдугаарт засаглалыг сайжруулах.

Нуулгүй хэлэхэд, олон нийт мэдэж байгаа шүү дээ төрийн өмчийн компаниудын удирдлага дээр улс төрчдийн нөлөө ордог, улс төрийн томилгоонууд хийдэг нь бол үнэн шүү дээ.

Үүнийг одоо болих ёстой. Мэргэжлийн удирдлагын баг ажиллуулах ёстой. Сайн  жишээ бол МИАТ.  Энэ компани мэргэжлийн удирдлагын багтай. Ковидын үед бол бараг дампуурлын ирмэгт байсан. Одоо бол 3 жил дараалан ашигтай ажиллалаа, шинэ онгоцтой боллоо, нислэгийн тоо, зорчигчдын тоо нь нэмэгдэж байна. Энэ бол маш сайн, эерэг үзүүлэлт. Үүнийг нь бид дэмжээд явах ёстой.

Яаж дэмжих вэ гэхээр бид “Эрчист Монгол”-ын харьяа ямар компаниудыг нэгтгэх вэ, ямар компаниуд огт нэгдлийн харьяа байх ёсгүй вэ, аль компаниудаа нээлттэй хувьцаат компани болгох стратегийн шийдлүүдээ гаргаж ирээд, Засгийн газар, УИХ-аар батлуулна.

-Яг галыг авч, ачааллаа үүрээд явдаг хүмүүс нь салбартаа тогтохоо больчихлоо. Харин дарга нарынх нь тоо данхайгаад гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна. Тэгэхээр цомхотгол хаашаа чиглэх вэ?

-“Эрчист Монгол” орж ирээд л ташраар нь хүмүүсийг хална гээд санаатай, санаандгүй буруу ойлголт явж байсан. Огтхон ч тийм биш.

Бид инженер техникийн ажилтнуудыг огт хөндөхгүй.

Учир нь тэр хүмүүс л салбарыг нуруун дээрээ авч явж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллаж байгаа шүү дээ.

Харин жинхэнэ тэр захиргаа, удирдлагынханд хамаатай.

Жишээлбэл, яагаад зарим төрийн өмчийн компаниудын стратеги, бодлогын газар 20, 30 хүн ажиллуулаад байна, ямар юмны стратеги байдаг юм гэх мэтчилэн… Зарим нэг чиг үүрэгтэй компаниуд яагаад тус бүр хуулийн хэлтэс, гадаад харилцааны хэлтэстэй байх ёстой юм, энэ дундын чиг үүргүүдийг нэгтгээд, аутсорсинг(outsource) хийх ёстой.

Тэгж байж бид зардлаа хэмнэнэ шүү дээ. Ингэснээр удирдлага, захиргааны данхар бүтцийг багасгаад, компанийн ашигт ажиллагаанд сайнаар нөлөөлнө, тэр хэмнэсэн мөнгөөрөө шаардлагатай бол инженер, техникийн ажилчдынхаа цалинг нэмнэ, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх мөнгөний эх үүсвэр орж ирэ гэсэн үг шүү дээ.

Мэдээж хэрэг орон тоо багасна гэдэг чинь шууд л зарлангуут зардал хэмнэгдэхгүй. Жилийн хугацаа орно. Тэгэхээр бид попрохгүйгээр яг л бодитоор орон тоогоо таная гэж байгаа.

Мэдээж 10, 20 хувиар бууруулна гэхээс илүү компани болгон дээр ажлын байрны зураглал гаргаад, хэн нь яг ажил хийгээд байна уу, үгүй юу гэдгээр л шийдэгдэнэ.

-Эрчим хүчний яамтай, Эрчим хүчний зохицуулах хороо гээд бодлогын газар байна, нэмээд “Эрчист Монгол” гэсэн гурван толгойтой. Хариуцлага хүлээх болохоор хэн нь ч миний буруу гэж хэлэхгүй байна. Тэгчхээд бөөн эрх мэдэлтэй, ажиллах хүчтэй удирдлагууд?

-Эрчим хүчний яам бол энэ салбарын бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хороо бол тарифын зохицуулалт, үйлдвэрлэсэн цахилгаан, борлуулалт зэргийг нэгтгээд, хэн хэнд яаж хуваарилж, тараах асуудлыг шийдэж өгдөг. 2025 юмуу 2026 онд эрчим хүчний салбарын компаниудад ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ, түүнийгээ яаж нөхөх вэ гэдгийг хариуцна.

“Эрчист Монгол” болохоор нэгдүгээрт, энэ салбарын төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт засаглалын асуудал дээр ажиллана, зөвлөнө, санхүүгийн үр ашигтай, оновчтой бүтэц, шийдвэрүүд дээр нь бас зөвлөгөө өгнө.

Энэ бол Казахстаны “Самрук-Казына” гээд нэгдэл компани бий. Temasek Holdings гээд Сингапурын компани байна. Энэ загвараар л цаашдаа явна. Энэ бол шинэ бүтэц биш. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулчихсан.

Эхэндээ бас л учир нь олдохгүй, асуудал гарч л байсан юм билээ. Одоо бол ажил нь жигдрээд, зөв явж байгаа.

-Эрчим хүчний яамд захиргаа удирдлага, бодлогын гээд баахан нэгжүүд байдаг шүү дээ. Тэдгээрээс юу нь өөр юм?

-Яам өөрөө өөрчлөлт хийнэ гэхээр ашиг сонирхлын зөрчил үүсчих гээд байгаа юм. Эзэмшдэг мөртөө бас бодлогыг нь тодорхойлдог яам болчхоод байдаг. Аль ч төрийн өмчийн компанийн ТУЗ дээр яамдын төлөөлөл сууж байгаа шүү дээ.

Тэгэхээр засаглалыг үнэхээр дорвитой сайжруулъя гэвэл ТУЗ-өөс нь эхлэх ёстой.

ТУЗ-үүд нь мэргэжлийн болж эхлэх ёстой. Төрийн төлөөлөл байлгүй яах вэ. Гэхдээ дан төрийн төлөөлөл байж болохгүй. 

-Өвөл цахилгаан, дулаан тасалдаж магадгүй. Энэ асуудлыг яах вэ?

-Хамгийн асуудалтай хэсэг нь дулаан. Цахилгаан бол харьцангуй гайгүй.

Гэхдээ л ОХУ-аас цахилгаан импортолдгоороо импортолно.

Дулаан дээр бол яалт ч үгүй Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал чинь бас л тодорхой хэмжээгээр дулааны нэгдсэн системтэй л холбоотой шүү дээ. Бүгд л дулааны эх үүсвэртэй ойрхон байх гээд л шаваад байгаа.

Тэгэхээр нийслэлээс удахгүй тендерийг нь зарлах гэж байгаа Тавдугаар ЦС бол 3, 4 жилийн дараа амжилттай хэрэгжээд явбал ашиглалтад орно. Энэ бол их том эх үүсвэр.

“ТЭЦ-3”-ын тэр ослоос болоод технологийн өөрчлөлт хийгээд, цахилгаан үйлдвэрлэдэг байсан турбинуудаа илүү дулаан үйлдвэрлэдэг турбин болгож өөрчлөөд, ямар ч байсан энэ өвлийг давахын хувьд давна. Өнгөрсөн онд Амгалан ДЦС-ыг өргөтгөөд, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Нөгөө талаас хэрэглээ талыг бодох ёстой.

Орон сууцууд сайн дулаалгатай, эрчим хүчний хэмнэлттэй байх тал дээр анхаарах шаардлагатай.

Эрчим хүчний яамны мэдээлснээр дулааны одоогийн тариф өртгөөсөө бараг 60 хувь бага байна. Эдийн засгийн онолоороо ч гэсэн иймэрхүү салбар удаан тогтнох боломжгүй. Тэгэхээр хэчнээн хэцүү сэдэв боловч үе шаттай нэмэгдүүлэх нь гарцаагүй л гэж би бодож байна. Тэгж байж л өртөгтэй нь жаахан дөхүүлэхгүй бол…

-2026 оны улсын төсөвт санал авч байна. Гол салбар эрчим хүчнийхний төсвийг  бэхжүүлэхэд яаж манлайлж байна?

-Эрчист Монгол бол төсөвт санал өгөх эрхгүй. Харин яамтай зөвшилцөөд, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төсвийн алдагдлаа яаж нөхөх дээр л ярилцаж байна. Төрийн өмчид байгаа төрөл бүрийн активуудаа зарах шаардлагатай. Энэ төрийн өмчит компаниудын л хувьцаа шүү дээ.

Тийм болохоор энэ Засгийн газрын бодлогын хүрээнд төрийн өмчит компаниуд IPO зарлаж, хувьцаагаа зараад, босгосон хөрөнгийнхөө тодорхой хувийг буцаад тэр компаниуддаа хөрөнгө оруулаад, зарим хэсгийг нь улсын төсөвт оруулах нь зөв.

Хажуугаар нь урсгал зардлаа бууруулах ёстой.

Эрчист Монголын харьяа энэ олон төрийн өмчийн компаниудын 2021 оны борлуулалт 7 их наяд байсан. Тэгсэн мөртөө цэвэр ашиг нь 100 гаруй тэрбум л байгаа.

Бид хэрэв төлөвлөж байгаа ажлуудаа салбар, яамнуудтайгаа хамтраад, зөвшилцөөд, зоригтой хийж чадах юм бол 2 жилийн дотор энэ компаниудын цэвэр ашиг дор хаяж 2.5 дахин өснө.

Өөрийн хөрөнгийн өгөөж нь одоо байгаа 2 хувиасаа хоёр оронтой тоо руу орох боломжтой болно. Үүний тулд маш олон ажил хийх ёстой. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe