Д.Төгс-Оюун: Том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй

Ц.Чимэдцэеэ
2025-07-10

АНУ-д аж төрж, монгол өв соёлоо шингээсэн брэндээ АНУ-ын зах зээлд амжилттай түгээн дөрвөн ном туурвиж, зогсолтгүй өсөн дэвшиж, өөрийгөө хөгжүүлж буй “Оюу ботаника” брэндийн үүсгэн байгуулагч Д.Төгс-Оюунтай ярилцлаа.

-АНУ-ын шилдэг 100 эмэгтэй бизнес эрхлэгчийн нэгээр тодорсон баярт мэдээгээр яриагаа эхэлье?

-Анх 2023 онд нэр дэвшсэн ч тухайн үед шагнал гардуулах ёслолд оролцож амжаагүй. Харин 2024 оны аравдугаар сард Лас Вегаст зохиогдсон албан ёсны шагнал гардуулах ёслолд биечлэн оролцож, талархлаа илэрхийлсэн.

Энэ бол миний хувьд том хүндлэл байсан. Яагаад гэвэл Америкт бизнес эрхэлж буй үндэсний цөөнх эмэгтэйчүүдийн хувьд энэ бол зөвхөн нэр хүнд биш, бас боломж юм.

Тэд ийм бизнес эрхлэгчдийг онцгойлон дэмждэг, урамшуулдаг тогтолцоотой. Энэхүү жагсаалтад орохын тулд тухайн бизнесийн нийгэмд үзүүлж буй нөлөө, инновацийн түвшин, борлуулалтын өсөлт, органик гаралтай бүтээгдэхүүний тогтвортой байдал зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалздаг.

“Оюу Ботаника” маань органик, байгальд ээлтэй, уламжлалт монгол түүхий эдийг олон улсад таниулж буй гэдгээрээ онцгойрсон болов уу гэж бодож байна.

– “Оюу Ботаника” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан бэ?

-Анхны санаа маань 2008 онд Сан Францискод органик дэлгүүрт ажиллаж байхад төрсөн. Хүмүүс органик, өндөр үнэтэй барааг яагаад сонирхоод байгааг ойлгож, судалж эхэлсэн. 2020 онд “Оюу Косметикс”-ээ байгуулж, дараа нь “Оюу Ботаника” хэмээн шинэчилсэн. Би “Формула Ботаник” хөтөлбөрийг дүүргэж, органик гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр диплом хамгаалсан.

Байгалийн гаралтай, монгол орцтой.

Чацарганы тос, сүүлний тос, ямааны сүү гэх мэт орц агуулсан бүтээгдэхүүнүүд нь АНУ-д веган, амьтанд туршилт хийгдээгүй, эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан сертификатуудтайгаар худалдаалагдаж байна.

–“Оюу Ботаника” брэнд Амазонд бестселлер болсон гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Энэ бол миний хувьд хамгийн бахархалтай мөчүүдийн нэг. “Оюу Ботаника” брэндийн маань нүүрний серум (face mist) бүтээгдэхүүн 2024 оны 10 сар хүртэл Amazon.com сайтын “Facial Sprays & Mists” буюу нүүрний серум бүтээгдэхүүний ангилалд топ 10-д жагсаж, бестселлер бүтээгдэхүүн болсон. Маш өрсөлдөөнтэй байсан.

Учир нь энэ төрөлд Лореал, Солонгосын алдартай брэндүүд, Францын нэр хүндтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцэн борлуулагдаж байсан

Гэхдээ манай бүтээгдэхүүний байгалийн гаралтай орц, Монгол түүхий эд, амьтанд туршилт хийгдээгүй гэдэг нь хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан гэж бодож байна.

– Энэ амжилтыг гаргахад танай брэнд ямар стратеги баримталсан бэ?

Анх би Амазонд брэндээ байршуулахдаа “зүгээр сайхан бүтээгдэхүүн хийчихвэл хүмүүс ирээд өөрсдөө худалдаж авна” гэж бодож байлаа. Гэтэл бодит байдал тийм биш байсан. Амазон дээр зөв түлхүүр үг ашиглах, график зураг, бүтээгдэхүүний тайлбарыг оновчтой бичих, мөн PPC (Pay-Per-Click) зар сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг.

Түүнчлэн бид “Leaping Bunny”, “EWG Verified”, мөн зарим бүтээгдэхүүн дээрээ Vegan Certified зэрэг олон улсын стандартын гэрчилгээ авсан. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээх, өрсөлдөөнтэй платформд ялгарч харагдах маш чухал хүчин зүйл болсон.

Амазон бол дэлхийн хамгийн том онлайн зах зээл. Тэнд нэр хүндтэй байр суурь эзэлнэ гэдэг нь зөвхөн борлуулалт бус, олон улсын хэрэглэгчдэд Монгол брэндийг танилцуулж, цаашид улам томоохон хамтран ажиллагсад, зах зээлүүд рүү нэвтрэх боломжуудыг нээсэн.

Энэ туршлагаа би 2024 онд бичсэн “Amazon Selling Mastery” нэртэй номдоо маш нарийн тайлбарласан.

-Та дөрвөн ном туурвисан шүү дээ. Яг ямар санааг түгээхийн тулд эдгээр номуудаа бичсэн бэ?

Миний бичсэн ном болгонд өөрийн туулсан замнал, амьдралын хүнд ба гэрэлтэй мөчүүд, судалгаа мэдлэг, хамгийн гол нь бусдад өгөх зөвлөгөө, урам зориг, практик хэрэглээ агуулагдаж байдаг.

1. “Fit Fast” (2019)

Энэ бол миний анхны бүтээл. “Завсарлагатай мацаг” (intermittent fasting) хэмээх эрүүл хооллолтын дэглэмийн талаар бичсэн. Анх өөрийнхөө эрүүл мэндэд тулгамдсан асуудлаас шалтгаалан энэ аргыг судалж, туршиж үзээд үнэхээр үр дүнтэй гэдгийг ойлгосон. Ингээд Станфордын шим тэжээлийн онлайн хөтөлбөрт суралцаж, шинжлэх ухаанд суурилсан ойлголтыг хүмүүст хүргэхийг зорьсон юм.

Энэ ном Amazon дээр хамгийн өндөр борлуулалттай “Nutrition” төрөлд бестселлер болж байсан.

2. “Unlock Yourself” (2021)

Ковидын хөл хорионы үеэр Азиуд нэлээн гадуурхагдан олон эмэгтэйчүүд, цөөнхүүд сэтгэлзүйн хувьд маш хүнд нөхцөлд орж байлаа. Энэ ном бол өөрийгөө нээх, сэтгэл зүйгээ дэмжих, стрессийг даван туулах, хоббитой болох, амьдралаа удирдах тухай гарын авлага.

Бүлэг бүрийн ард нь даалгавартай worksheet багтсан нь зүгээр нэг уншаад мартчих ном биш, хэрэглээний бодит хөтөч байлгахыг зорьсон.

3. “Fit Fast” монгол хэл дээр (2022)

Олон монгол уншигчдаас хүсэлт ирсний дагуу “Feed Fast”-ийг монгол хэл дээр хөрвүүлж, эмчийн хамт мэргэжлийн редактор хийлгэн гаргасан. Монгол уншигчдад маань эрүүл мэндээ хялбар, энгийн аргаар сайжруулах боломжийн тухай мэдээллийг эх хэл дээр нь хүргэхийг зорьсон.

4. “Amazon Selling Mastery” (2024)

Амазон дээр бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж чадсан туршлага дээрээ үндэслэн, бусад монголчууд, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан энэхүү номыг бичсэн. Тандалт, түлхүүр үг, тайлбар бичих аргачлал, зургаа хэрхэн бэлдэх, PPC зар сурталчилгаа гээд бүгдийг алхам алхмаар бичсэн.

“Надаас өөр хэн ч битгий тэр 14 хоногийн 'honeymoon period'-ийг алдаасай” гэсэн чин сэтгэлээсээ энэ номыг бүтээсэн.

– Саяхан та Цахиурын хөндий ба хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан гэсэн. Энэ талаар ярина уу.

-2025 оны 4 сард “Beta Invest” гэх Цахиурын хөндийн хурдасгуурын өмнөх шатны хөтөлбөрт “Оюу Ботаника” брэндээрээ шалгарсан. Энэ нь дэлхий даяар өрсөлдөөнтэй бөгөөд танилцуулга хийх, олон хөрөнгө оруулагч, зөвлөхтэй уулзах боломжтой маш үр дүнтэй хөтөлбөр байсан. Хөтөлбөрийн дараагийн үе шат үргэлжилж байгаа. Буцаж очоод хэрэгжүүлнэ дээ.

– Гадаад орчинд бизнес эрхлэхэд ямар сорилт тулгардаг вэ?

Ковидын үеэр Ази гаралтай хүмүүсийн эсрэг ялгаварлал байсан. Амазоны категори өөрчлөгдөж, бидний бүтээгдэхүүн хэрэглэгчдэд харагдах байдал нь буурсан. Гэсэн ч жижиг, дунд бизнес, ялангуяа эмэгтэй, үндэсний цөөнх гаралтай бизнес эрхлэгчдийг АНУ-д сайн дэмждэг. 

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад иргэдийг буцаахтай холбоотой бодлого тэнд амьдарч буй монголчуудад маань хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Хууль зөрчөөгүй бол зүгээр. Сүүлд нэг тоо харахад 42 мянга орчим монгол иргэд АНУ-д амьдардгаас 10 орчим мянга нь бичиг баримтгүй гэж сонссон. Тэгэхээр бичиг баримтаа л хурдан авах хэрэгтэй. Бас виз өгөхгүй орнуудыг зарлахад манай улс багтаагүй болохоор гайгүй байх. Трамп Ерөнхийлөгч өөрөө бизнемен хүн учраас харин ч бизнесүүдэд ээлтэй.

– Сэтгэл зүйн хувьд хэрхэн тэнцвэртэй, хүчтэй байж чаддаг вэ?

Би өглөө бүр өөртөө цаг гаргаж алхдаг. Бясалгал хийж, төлөвлөгөө боловсруулдаг. Хүнд үед нөхөр, гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал байдаг.  Аав, ээж хоёр маань надад хүний хувьд зөв хүн болох зарчмыг суулгаж өгсөн.

Аав маань Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Гэхдээ намайг 15 настай байхад бурхан болсон. Харин ээж маань Радиогийн дарга, дипломатч хүн байсан. Орос, Хятадад ЭСЯ-нд ажиллаж байсан, маш олон улс орноор намайг дагуулж явсан, тийм л нээлттэй, шударга, тууштай эмэгтэй.

Тэр хоёрын нөлөөгөөр би багаасаа аливаа зүйлийг төгс хийж сурсан. Аавынхаа үлдээсэн нэр хүндийг үргэлжлүүлж, биелүүлж чадаагүй мөрөөдлүүдийг нь биелүүлэх ёстой гэж өөртөө үргэлж хэлдэг байсан.

Хариуцлагатай, бие даасан байх ёстой гэдгийг багаасаа ойлгосон. Энэ бол миний амьдралын үнэт зарчим болсон.

-Өнөөдрийн Төгс-Оюуг бүтээсэн замналд тань чухал үйл явдлууд юу байв?

2006 онд МУИС-ийн ОУХНУС-ийг төгссөн. 2008 онд Дэлхийн Банкны төсөлд ажиллаж байсан ба дараа нь АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар явж, Сан Францискод суралцсан. Нарийн мэргэжил маань санхүүч. 2011 онд эх орондоо ирж, төр болон олон улсын байгууллагад ажилласан. 2016 онд гэр бүлтэйгээ Америкт эргэн очсон цагаас хойш старт-ап, бизнес эрхлэлт, ном бичих зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байна.

Миний нөхөр бол миний амьдралын хамгийн том тулгуур багана. Би шинэ санаа гаргаад урам зоригтойгоор хийж эхэлдэг. Харин нөхөр маань намайг тэнцвэртэй байлгаж, тайван, бодлоготой байхыг сануулдаг. Тэр сэтгэл зүйн хувьд маш ухаалаг, дэмждэг, намайг шүүмжлэлтэй нөхцөлд ч дэмжсээр ирсэн.

Ном гаргаж, Amazon дээр бестселлер болсны дараа сөрөг сэтгэгдэл авсан тохиолдолд би сэтгэлээр унаж, бүхнийг орхиё ч гэж бодож байсан.

Тэгэхэд нөхөр маань “Чи иймхэн зүйлд хөнгөн шантраад байвал яаж бизнес хийх вэ” гэж хэлсэн нь миний сэтгэл зүйн хувьд дахин босоход том түлхэц болсон.

– Америкт ажиллаж, амьдарч буй монголчуудын тухайд?

Өмнө нь олонх нь үйлчилгээний салбарт ажилладаг байсан бол одоо ресторан, цэцэрлэг, салон, IT, гоо сайхан, консалтинг зэрэг олон төрөлд бизнес эрхэлдэг болсон. Монголчууд маань маш хөдөлмөрч, чадварлаг.

– Эх орноо санадаг уу?

-Монголд ирэх болгондоо догдолдог. Монгол хэл, соёлоо хүүхдүүддээ өвлүүлж байгаа. Наадам, баярууддаа ирж оролцох, Монгол үндэсний үнэт зүйлсийг олон улсад таниулах нь миний хувьд чухал. Одоо наадмаа үзэх гээд маш их догдолж байна. Нээлтийн тасалбар авах гэсэн чинь хэдхэн минутын дотор нүдэн дээр дуусчихсан. Гэхдээ л үзмээр байна.

-Таны намтар түүхээс харахад барьж авсан бүхнээ тултал нь хийдэг юм шиг санагдсан. Энэ бүхнийг туулсны дараа бусдад юу гэж зөвлөх вэ?

-Айхтар зөвлөөд байж бас болдоггүй юмаа. Зүгээр өөрийнхөө зарчмыг хуваалцахад, нэг том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй шүү дээ.

Том зорилготой бол бусад юмнуудыг ардаа орхиод л явах хэрэгтэй.

Элон Маск жишээлбэл унтахаас бусад 18 цаг тутам зорилтоо биелүүлээд явдаг. Бусад noise буюу элдэв шуугиан, хэрэггүй зүйлд анхаардаггүй. Үр дүнд нь Спэйс экс(Space X) ажиллуулж байхад сансрын хөлгийн дизайныг гаргах хүн олдохгүй байхаар нь өөрөө сураад, хийчихсэн байдаг. Зорилготой, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

-Туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан танд баярлалаа. Сайхан наадаарай!

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe