ЭЗБХ: ТЭЦ-3-ын ослын улмаас үүссэн эрчим хүчний дутагдлыг зайлшгүй тохиолдолд ӨМӨЗО-оос 80мвт-ын цахилгаан импортолж нөхнө

.Graph
2025-07-02

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.07.02/ Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг танилцуулсан бөгөөд АН-ын бүлгээс тухайн асуудлаар завсарлага авах хүсэлтийг байнгын хорооны даргад тавьж, завсарлага авав.

Монгол Улс эрчим хүчний салбарт 2024 онд Чойбалсангийн 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц эхний ээлжийн 22 МВт-ын блок, Мөрөнгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Эрдэнийн 30 МВт-ын нарны цахилгаан станц, Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурыг тус тус ашиглалтад оруулсан боловч эрчим хүчний хэрэглээний өсөлтийг бүрэн хаах хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-12 хувиар өсөж, тус хэрэглээний өсөлтийг хангах дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц чадлын зохистой хэмжээнд хүргэх буюу 20%-аар илүү байх, одоо байгаа суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 2030 оны түвшинд 3750 МВт хүргэх хэрэгцээ шаардлага байгаа ажээ.

“Дулааны цахилгаан станц-3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд байна. Тодруулбал 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүссэн. Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалан ДЦС руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж  дулааны эх үүсвэрийг хангана.

Цахилгаан эрчим хүчний 50 мВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дугаар блок 150мвт-ыг ашиглалтад оруулах эсвэл ӨМӨЗО-оос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe