АНУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг Батлан хамгаалахын сайд  хүлээн авч уулзлаа

.Graph
2025-07-02

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байна” гэсэн юм.

Мөн цаашид батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд Ричард Буанган Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг  цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ.  Тэрээр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллахаа онцолжээ.

Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе, дэд хурандаа Брайн Харт-д томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлж, “Цэргийн хамтын ажиллагааны медаль”-иар шагнаж,  гардуулан өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe