3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох хууль журмын дагуу тус багт 500 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дөрвөн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ олгожээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тус багийн дасгалжуулагчид Паул Стефен Сирт 50 сая төгрөг, дөрвөн тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн урамшуулал олгов.
Мөн Олимпын наадам/Зуны олимп, өвлийн олимп, пара олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлиг бий.
Үүний дагуу ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн эмэгтэй тамирчид 2026 оны 1 сарын 1-нээс эхлэн сар болгон 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршдаа авах юм.
Шагналаа гардан авсан тамирчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ариунцэцэг:
- Одоо аваад зогсож байгаадаа ч итгэхгүй, зүүдлээд байгаа юм шиг л санагдаж байна. Шөнө ч унтаж чадаагүй. Шагнал авч байхдаа сандраад, чичрээд, уйлах гээд байсан. Бид хэд энэ шагналыг аваад ханахгүй. Улам илүү хичээж, шаргуу хөдөлмөрлөнө. Дараа жилийн ДАШТ-ээр медалийн өнгөө хувиргаад алтан медаль, цомтой нь авахыг хүсэж байна. Цаашлаад хамгийн том зорилго бол олимпод орох. 5 дахид БНСУ-руу хамтарсан бэлтгэлд яваад БНХАУ-д Азийн аваргын тэмцээнд орох хуваарьтай байгаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Нандинхүсэл:
- Бидний төлөө ар гэр, найз нөхдөөс минь ч илүү, адилхан монгол хүн шиг маш их хичээсэн. Маш их баярлалаа хайртай шүү л гэж хэлмээр байна.
Монгол Улсын гавьяат тамирчин О.Хулан:
- Монгол ард түмнийгээ хэзээ баясгах бол гэж боддог байсан. Монголчууд минь биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор тэр хариуг нь яаж барих вэ гээд хэзээ нэг өдөр баярлуулахыг хүсдэг байсан. Тэр мөрөөдлийг дээж энэ олон жил шаргуу хөдөлмөрлөлөө. Энэ их хайр хүндэтгэлийг хөдөлмөрөөрөө хариу барина. Монголчууд цөөхүүлээ ч тэвчээртэй тэмцэлтэй ард түмэн шүү гэдгийг дэлхийд харуулахыг хүссэн. Шийдвэрлэх тоглолтууд дээр Чингис хаан биднийг түшээд, туслаад байсан юм шиг тийм өөртөө итгэлтэй мэдрэмж авч байсан.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Цэрэнлхам:
- Монгол Улсын Ерөнхийлөгч орж ирээд, зарлиг уншиж байх тэр мөч үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Нулимсаа арай хийж тэвчсэн. Маш их сандарч, догдоллоо. Амьдралдаа мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа. Ерөнхийлөгч “Одоо гаргасан амжилтдаа ханалгүй Олимп, дэлхийн аварга болоорой” гэж захисан. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ард түмэндээ маш их талархаж байгаа илэрхийлмээр байна.
Сэтгэгдэл үлдээх