Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй тамирчдад “Монгол улсын Гавьяат тамирчин” цол олголоо

Ж.Номин
2025-07-02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй тамирчдад “Монгол Улсын Гавьяат тамирчин” цол олголоо.

Тодруулбал, 

  • 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ-ий хүрэл медальт, Токио 2020 олимпын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Үндэсний дээд лигийн аварга, Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч  М.Цэрэнлхам,
  • 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ-ий хүрэл медальт, Улаанбаатар Гран при тэмцээний аварга, шилдэг тоглогч, Үндэсний дээд лигийн аварга, БНХАУ-ын мэргэжлийн лигт тоглосон монголын анхны тамирчин, Токио 2020 олимпын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Монголын 3х3 болон 5х5 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн гишүүн О.Хулан, 
  • 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт,  Улаанбаатар Гран при тэмцээний аварга, Үндэсний дээд лигийн хошой аварга, Монголын 3х3 болон 5х5 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг,
  • 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний дээд лигийн хошой аварга, Монголын 3х3 болон 5х5 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Н.Нандинхүсэл нарыг тус тус Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнав. 

Харин Монгол, Канадын хооронд биеийн тамир, спортын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийг сурган дасгалжуулж, багийн тоглолтын ур чадвар, бэлтгэл сургуулилтын арга зүйг олон улсын түвшинд хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ур чадвар сэтгэл зүйг бэлтгэж, багаар ажиллах чадварыг богино хугацаанд сайжруулан, Монголын сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг “Найрамдал” медалиар шагналаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах ёслолын үеэр “Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхий дахинд өндөрт өргөж, 3х3 сагсанбөмбөгийн ес дэх удаагийн ДАШТ-д амжилттай оролцож, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн эрхэм хүндэт тамирчид, багш, дасгалжуулагч та бүхэнд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 

"Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог" гэж манай ард түмэн хэлдэг. Тэгвэл Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид эх орон, элэг нэгт монголчуудаа баярлуулж, эв нэгдэлд хүч чадал оршдогийг дахин нотолж, багийн спортоор дэлхийн дэд аварга болж, монгол эмэгтэйчүүдийн хүч чадал, авьяас чадварыг дэлхий нийтэд таниулсан бахдам амжилтыг гаргаж чадлаа. Та бүхнийг монголын төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медаль хүртээж байна” хэмээсэн юм. 

Нийт баг тамирчдадаа Олимп, дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe