Австралийн дээд боловсролын элсэлтийн үнэлгээний систем(ATAR)-д Викториа мужийн 47.461 сурагчаас монгол охин шилдэг 1 хувьд багтсан амжилт үзүүлсэн байна.
Хишигтбаатарын Усанболор нь тус системд 98.95 оноо авч, сурлагаараа нийт сурагчдын 98.95 хувиас дээгүүр эрэмбэлэгдсэн гэсэн үг юм.
Мөн specialist maths, maths methods шалгалтын үзүүлэлтээрээ үеийн хүүхдүүдийг манлайлан хамгийн богино хугацаанд хамгийн өндөр оноо авсан байна.
Энэ амжилт нь монгол хүүхэд шилдэг нэг хувьд багтсан анхны тохиолдол.
Улмаар Х.Усанболороос Австралийн Викториа мужийн ахлах сургуулийн төгсөлтийн албан ёсны гэрчилгээ(VCE)-ний байгууллагаас шалгалтын гүйцэтгэл болон хэрхэн ATAR-т амжилттай бэлдсэн талаар туршлага судалжээ. Энэ нь мөн монгол хүүхдүүдийн чадварыг харуулсан бахархам үйл явдал болж байна.
ATAR(Australian Tertiary Admission Rank) нь тухайн сурагчийг бусад бүх төгсөгчдийн дунд хичээл сурлагын амжилтаар нь харьцуулж оноог статистик байдлаар эрэмбэлж, бүх төгсөгчдийн дунд байр эзлүүлдэг систем билээ.
Түүнчлэн Х.Усанболор Австралид нэгдүгээрт эрэмбэлэгддэг шилдэг их сургууль болох Мельбурны Их Сургуулийн эдийн засаг, бизнесийн чиглэлийн бакалаврын хөтөлбөр(The University of Melbourne Bachelor of Commerce)-т суралцах эрхээ авчээ.
Сэтгэгдэл үлдээх