Өнөөдрийн байдлаар ой хээрийн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ж.Номин
2025-06-30

УОК, ОБЕГ-аас ой хээрийн түймэртэй холбоотой нөхцөл байдлын мэдээлэл өглөө.  

6 сарын 25-30 ны өдрүүдэд Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой хээрийн түймэр гарч, үүнээс 12 түймрийг бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Ерөө, Алтанбулаг сум зэрэг нийт 7 ой хээрийн гал түймрийг цурамд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Түймрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, Хил хамгаалахын 14 алба хаагч, 2 автомашин, цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, тусгай хамгаалалтын газар болон сайн дураараа нэгдсэн иргэд оролцож байна. 

Түймрийн голомтод ойрын өдрүүдэд бага зэргийн бороо орж байгаа боловч нөгөө талаар аянга цахилгааны улмаас дахин түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ой хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр он гарснаас хойш ой хээрийн түймэртэй холбоотой гэмт хэргийн шинжтэй 79, зөрчлийн шинжтэй 4 гомдол бүртгэгдсэн.

Эдгээрээс шалгагдаж буй гомдол мэдээллийн 6 буюу 27.2 хувь нь эзэнтэй аж. Өөрөөр хэлбэл, ой хээрийн түймэр гаргасан хүн нь тогтоогдсон байна. 16 буюу 72.8 хувь нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан байна. 

Улсын хэмжээнд хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд байгаа тул ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж мэдээллийг сайтар мөрдөж хэвшихийг уриалж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe