Нэгдүгээрт валютын нөөцийн дарамт
Гадаад валютын нөөц он гарахаас өмнө 5.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 4,7 тэрбум буюу 13.5 хувиар буурсан.
Харин 5 дугаар сард 5,1 тэрбум ам.доллар болсон ч энэ нь оны эхнээс 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй хэвээр байна.
Валютын нөөц бага байгаа нь төгрөгийн ханш савлах эрсдэлтэй буюу инфляц нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, иргэд бидний халаасан дахь 10 төгрөг автоматаар хорогдох эрсдэлтэй.
Хоёрдугаарт улсын орлого тасалдсан
Нүүрсний үнэ гадаад зах зээлд сүүлийн нэг жилд 20.15 хувиар буурсан.
Энэ нь манай улсад хүнд цохилж болж, энэ сарын 25-ны байдлаар улсын орлого 3.3 их наядаар тасалдсан.
Бид өнөөдөр дээрх дүнг төсвийн зарлагаас хасна, танана хэмээн хэлэлцэж байгаа ч бидний гол орлогын эх үүсвэр болсон уул уурхайн өгөөж цаашдаа хэрхэн унаж, хэрхэн уруудах нь асуудал хэвээр үлдэнэ.
Гуравдугаарт байгалийн доройтол
Тодорхойгүй, зохицуулалтгүй эсвэл зөвхөн хориглосон шийдвэрийн балгаар улам доройтсон жишээ бол уурхайн салбар. Бид нэг талаас нүүрс, зэсийн экспортоосоо төсвийн орлогын 20-30 хувийг бүрдүүлж байгаа.
Гэтэл өнөөдөр Монголын уул уурхайн салбар зөвхөн нүүрс, зэсээр хязгаарлагдахгүй.
Ардаас нь газрын ховор элемент, уран, алтны нөөц зөв зохистой арга, хэлбэрээр "намайг ашиглаач" гэсэн шиг хүлээж байгаа. Гэтэл хууль эрх зүйн тодорхойгүй байдал, иргэдийн ойлголт, мэдээллийн зөрүүгээс үүдэн алтны олборлолт л гэхэд "нинжа" гэх мэргэжил бий болтлоо нүднээс далдуур ч чихэнд ойр өргөжсөн.
Тухайлбал, 2019-2022 онд бичил, хууль бусаар алт олборлогчдын тоо 45.286 хүртэл өсөж, хууль бус олборлолт 300 дахин нэмэгдсэн талаар судлаачид хэлж байна.
Үүний ард мэдээж сэндийчиж, ундуй сундуй үлдээсэн хөрс, хариуцлагагүй уул уурхай гэх танил дүр зураг үлдэж байгаа.
Хамгийн ойрын хугацаанд, яаралтай хэрэгжүүлэх учиртай "Алт 3" хөтөлбөр энэ бүх асуудлыг шийднэ. Учир нь энэ хөтөлбөрөөр бичил уурхайг хуулийн хүрээнд авч үзэж, хориглох, хязгаарлах биш, харин ил тод, зохион байгуулалттай болгох боломжтой. Улмаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхээр зохицуулах юм.
Тэгэхээр алт олборлох нь бид байгалийн баялгаа зах зээлд эргэлдүүлэх, нүүрстэй адилаар төсвийн орлогод хувь нэмэр оруулах боломжтой болно гэсэн үг.
Одоогийн нөхцөлд ч алт бол Монголбанкны валютын нөөцөө нэмэгдүүлэх найдвартай эх үүсвэр хэвээр байгаа. Иймд илүү тогтвортой, найдвартай баталгаатай болгох нь “Алт 3” хөтөлбөрийн зорилго.
Хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлбэл ядаж гадаад валютын нөөцийн савлагаа иргэд бидний халааснаас 1 төгрөг ч болтугай хорогдуулах вий гэсэн айдсаа авдартаа хийх боломжтой болох юм.
Сэтгэгдэл үлдээх