Засгийн газрын хуралдаан өнөөдөр буюу 6 сарын 25-нд боллоо. Хуралдаанаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг танилцуулжээ. Энэ жилийн хувьд тодорхой нөхцөлүүдээс шалтгаалж төсвийн орлого 3.3 их наядаар тасарч байгаа тул зарлагаа 3.3 их наядаар танах шаардлага үүссэн байна.
Тэгвэл нэн тэргүүнд 14 мега төслийн зарим төслийг хойшлуулахаар болжээ.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Н.Учрал:
- Улс төрийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгааждаг. Тиймээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг эрэмбэлэх ажлыг 14 аргачлалаар үнэлсэн. Энэ хүрээнд 4-5 төсөл үргэлжилнэ. 5 төслийн хувьд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн хэрэгжүүлэх чиглэлээр урьдчилсан үнэлгээнүүдийг хийж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах арга хэмжээг авна. Бусад төслүүдийг хойшлуулах шаардлага үүссэн. Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг ч гэсэн 14 аргачлалаараа үнэлж, заримыг нь хойшлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гаднын хөрөг оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувийн хэвшлээ дэмжин, татан оролцуулах хэрэгтэй. Үүний тулд бид хүнд суртлаас салах ёстой. Тиймээс Хамтарсан Засгийн газрын үед “Зөвшөөрлийн тухай” хуульд УИХ-ын гишүүдтэй хамтарч ажилласан. Одоо уг хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Эдийн засаг, хөгжлийн яамд аль зөвшөөрлийн чиг үүргийг мэргэжлийн холбоо, хувийн хэвшилд шилжүүлэх бололцоотой вэ гэдгийг шийдэх эрх байдаг. Тиймээс цаашид энгийн зөвшөөрлүүдийг мэргэжлийг холбоодод шилжүүлж, тухайн орон тоог цомхотгох байдлаар хувийн хэвшлийг дэмжинэ" гэлээ.
Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэлд төр 2 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, дарга нарыг цөөлж, үндэсний хороо зөвлөх, комиссыг татан буулгаж, гадаад дотоод томилолтыг хумьж, улсын төсвөөр хийдэг элдэв хурал цуглааныг багасгана хэмээн тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх