Хиймэл бороогоор туршуулж буй цэнгэлдэхийн зүлэг 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй

.Graph
2025-06-24

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сайжруулсан зүлгийг хиймэл бороо оруулж, бөхчүүдийг барилдуулан туршиж буй. Туршилтад оролцохоор 30 гаран бөх ирсэн бөгөөд Монголын Үндэсний холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан тэргүүтэй албаныхан байв. 

Өнгөрсөн жилийн наадмаар орсон борооны улмаас бөхчүүд наадмын талбайд халтирч унан, эрүүл мэнд амжилтаараа хохирсон. Иймд энэ жил 1.3 тэрбум төгрөгөөр шинэ зүлэг дэвсжээ. 

Шинээр дэвссэн зүлэг нь олон улсын спорт холбоонуудаар хүлээн зөвшөөрөгдсөн, спортын зориулалттай зүлэг аж. Өмнөх жилийн зүлэгтэй харьцуулахад 5 см өндөртэй, технологийн дагуу дүүргэвч, зөөлөвч резин хийж өгчээ. Уг ажлыг ОУХБ, Азийн хөлбөмбөгийн холбооны стандарт талбайгаар монголд 4,5 томоохон төсөл хэрэгжүүлсэн, орон нутагт 20-30 талбай хийж байсан туршлагатай гэх “Эч Би Эс” ХХК шалгаран хийжээ. 

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Энэ зүлэг Монгол Улсад тавигдсан хамгийн сайн зүлэг. Цогтцэций сум өмнө нь наадмын талбайдаа яг ийм зүлэг тавьсан. Хамгийн сайн зүлгийг нь л сонгож тавьсан гэсэн. 5 сарын 21-нд МҮБХ-ны төлөөллүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудтай ирж уулзсан. Өнгөрсөн жил бөхчүүд халтирч унаж, амжилт болоод эрүүл мэндээрээ хохирсон асуудал дээр хариуцлага хүлээх хүн байхгүй. Байгалийн зүлэг ч гэсэн бороо орохоор халтирна шүү дээ" гэв. 

Харин НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Үндэсний бөхөд зориулсан зүлгийн стандарт гэж байхгүй. Энэ зүлгийн доор ус шүүрүүлэх зориулалтын хэрэгсэл тавьсан. Мөн дээр нь ус тогтдоггүй буюу ус зайлуулдаг 200 тонн зориулалтын элс асгасан. Ямар нэг үнэргүй эко дүүргэгчээр дүүргэсэн. Энэнээс илүү стандарт дэлхийд байхгүй. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хэрэглэгдэж байгаа хамгийн сайн технологиудыг нэвтрүүлсэн" хэмээв.

Зүлгийн талаарх бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Улсын начин Э.Батмагнай:

- Нороогүй үедээ бол халтирахгүй байна. Ус шүршээд норгосны дараа бол хуучнаасаа нэг их суртай ялгарах юм алга. Халтир нь даа гэсэн айдастай барилдахаар сэтгэлзүйд дарамттай л байх. Уг нь таримал зүлэг тарина гэж Нийслэлийн Засаг дарга ярьж байсан. Тэгсэн чинь дахиад л хиймэл зүлэгтэйгээ байна. Яах юм бол доо. 

Улсын харцага Н.Золбоо:

- Ус асгахаас өмнө барилдахад халтирах нь бага байсан ч устай болсны дараа илүү халтирч байна. Ус асгахаас өмнөх болон дараах байдал өөр байна. Таримал зүлэг, хиймэл зүлэг хоёр адилхан халтирдаг. Бөхчүүд байгалийнхаа зүлэг дээр барилдахыг илүүд үздэг. Гэхдээ хиймэл зүлгэн дээр барилдах нь тодорхой боллоо. Энэ жил бэртэл гэмтэлгүй, халтирч унаад хийсэн хөдөлмөрөө талаар болгохгүй сайхан наадам болоосой гэж хүсэж байна. Наадмаас өмнө бөхчүүдийгээ ирээд зүлгэн дээрээ барилдаад үзээрэй гэж хэлье. 

Ийнхүү бөхчүүд өнгөрсөн жилийнхийг бодоход халтирах нь арай дээр байгаа ч байгалийн бороо өөр тул бороо орсон үед барилдаж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe