Цаг гарангийн бороонд 13 гэр үерт автжээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-23

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өчигдөр(2025.06.22) 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас нийт 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автжээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 метр шуудуу татаж, үерийн усны урсгалыг өөрчлөн, далан шуудууг нээх ажлыг зохион байгууллаа.

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градус давж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, гэнэтийн үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас санууллаа.

Мөн

  • гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
  • орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
  • үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
  • өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe