Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3" төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.
“Эрчим хүч-3" төслөөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм.
Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм.
2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүч-3 төсөл” нь Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх ажил бөгөөд Улаанбаатарын цахилгаан хангамжийг шууд сайжруулахгүй ч 2035 он хүртэл өргөтгөлд 2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатайг дурдсан билээ.
Сэтгэгдэл үлдээх