УИХ Ногоон санхүүжилтийг бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулахад авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Улмаар гэр, байшингаа дулаалах санхүүгийн хөшүүрэг, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх суурь бий боллоо хэмээн хууль тогтоогчид үзэж буй юм.
Ийнхүү Монгол Улс утааг бууруулахаар зуух, түлшинд биш дулаалах, хэмнэхэд анхаарч буй бодлогын шийдэлд шилжлээ.
Тогтоолын хүрээнд орон даяар 300 гаруй мянган өрхийг дулаална. Ингэхдээ үнэгүй дулаалах бус арга зүйн зөвлөгөө өгөх, хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх замаар ажиллана.
Энэ жил УБ хотод 10 мянган байшин, 10 мянган гэр, ирэх жил 15 мянган байшин, 15 мянган гэрийг дулаалах зэргээр 2032 он хүртэл 5, 5 мянгаар нэмэгдүүлэх юм байна.
Улмаар 2028 он гэхэд УБ хотын агаарын бохирдол 50 хувь буурах, 2032 он гэхэд 80 хувиар буурах боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц зун боллоо гээд утааг мартаж болохгүйг сануулаад “Өнөөдрийг хүртэл сайжруулсан түлшинд олгож ирсэн татаасыг дулаалгын ажилд чиглүүлэн хөнгөлттэй зээл олгоход зарцуулан хүүг нь 6 хувь хүртэл хөнгөлж, иргэд өөрсдийн сууцандаа зориулах хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа” хэмээн мэдэгдэв.
Процессын хувьд орон сууц худалдаж авсан тохиолдолд 6 сая хүртэл төгрөгийг ХХОАТ-аас буцааж авдаг. Түүнийг дулаан, дулаалгын ажилд чиглүүлэн амины орон сууцаа эрчим хүчний хэмнэлтээр барьсан тохиолдолд 2-3 сая төгрөгийг төлсөн татвараас нь буцааж олгох зэргээр бодлогоо хэрэгжүүлэх юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын мэдээлснээр Ногоон зээлийн эх үүсвэрийн 80-аас доошгүй хувийг дулаалгатай холбоотой санаачлагуудад зарцуулахаар болсон аж.
Мөн бодлогын хувьд Утааны талаар сонсголын үр дүнд гарсан ажлын хэсэг түлш, зууханд төсвийн мөнгө зарцуулахгүй байх тогтоолыг зургаадугаар сарын 5-нд тогтоол баталсныг сануулсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Ногоон санхүүжилттэй холбоотой 50 гаруй сая долларыг арилжааны банкуудаар дамжуулж, олгож байсан. Тогтоол батлагдсанаар энэхүү ногоон зээлийн санхүүжилт зөв зам руу чиглэгдэнэ” хэмээн мэдээллээ.
Тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсэг “Дулаанбаатар” аяны хүрээнд ижиллсэн подволкоо нэг ширхэгийг нь 50 мянган төгрөгөөр авсан болохоо дэлгэв.
Сэтгэгдэл үлдээх