Төрийн өмчит ДЦС-уудад өндөржүүлсэн бэлэн байдал, “ДЦС-3” станцад онцгой дэглэм тогтоов

.Graph
2025-06-19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өгсөн.

Энэ үеэр "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох Засгийн газрын тогтоол гарсан гэдгийг танилцууллаа.

Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна. 

“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай.

“ДЦС-3”-ын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа. 

"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх  эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe