Шинэхэн Засгийн газрын анхны хуралдаан 2025 оны 6 сарын 18-нд болж, төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцжээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Иймд сайд нарыг салбарын төсөвтэйгөө танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар баталсан. Тэгвэл төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.
Ийнхүү танахад дараах бодлогыг барих аж.
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно.
- Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо.
- Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ.
- Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална.
- Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.
- Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ.
- Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 5 сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж, нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо.
- Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ.
Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ.
Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна.
Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Сэтгэгдэл үлдээх