Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцлээ.
Хуулийн төсөл нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг хэрхэн үр ашигтай төвлөрүүлэх, татварын суурийг тэлэх гарц хайсан шинжтэй байгаа бол нөгөө талдаа төсвийн орлогыг аль болох бууруулахгүй байх чиглэлийг баримталж байна.
2025 оны эхний улирлын байдлаар аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар өмнөх онтой харьцуулахад 1 их наяд төгрөгөөр буурсан нь эдийн засгийн орлого багассантай зэрэгцэн, шимтгэлийн бодлоготой холбоотойг зарим хууль тогтоогчид онцолж байлаа.
Мөн улсын төсвийн гол санхүүжилтийн нэг хэсэг болох нийгмийн даатгалын шимтгэл нь сүүлийн үед бизнес эрхлэгчдийн нуруунд ачаалал болж буйг тодотгов.
Гэрээний үндсэн дээр ажил эрхэлж буй иргэдээс шимтгэл авах нь зөвхөн нийгмийн даатгалын санг бүрдүүлэх нэгэн хэлбэр болоод байгаа бөгөөд энэ нь аж ахуйн нэгжүүдэд нэмэлт дарамт үүсгэж байгааг шүүмжилжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир “Нийгмийн даатгал чинь шимтгэл биз дээ сангийн яамныхаан. Шимтгэлээс татвар авдаг нь зөв юм уу” хэмээж байв.
Түүнчлэн “Ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ” хэмээгээд “Ажил олгогчгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийг хэн төлөх вэ? Зөвхөн төрийн байгууллагууд уу” гэсэн асуудлыг хөндлөө.
Тиймээс татвар, шимтгэлийн зохицуулалт нь зөвхөн сангийн орлого нэмэгдүүлэхэд бус, ажлын байр хадгалах, хувийн хэвшлийг дэмжих бодлоготой хослох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх